Монгол, Францын төвөөс өнөөдөр “Үдшийн уншлага” өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн зочноор Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана оролцож, уран бүтээлийнхээ талаар яриа өрнүүлэх аж. Тус өдөрлөгийг монгол, франц хэлээр явуулах бөгөөд Монгол, Францын төвийн фэйсбүүк хуудаснаас үзэх боломжтой. Зохиолч Г.Аюурзана ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж, төгссөн. 2007 онд АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын уран зохиолын хөтөлбөрт хамрагдсан уран бүтээлч юм. Түүний “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Судасны чимээ”, “Сахиуст хангайн нууц” зэрэг бүтээл нь уншигчдын хэзээний танил болсон билээ. Түүнчлэн “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг 10 боть ном гаргасан. Мөн Францын философич Мишэль дө Монтэнийн эсээнүүдийг “Сонгомол эсээнүүд” нэрээр, АНУ-ын нэрт зохиолч Уильям Фолкнерын шилдэг тууж, өгүүллэгийн номыг “Өвгөд” нэрээр орчуулсан зэргийг нь дурдаад байвал бүтээлүүдийнх нь жагсаалт уртаас урт болох юм.
Бэлтгэсэн А.Тайшир