Их ойн дундах бяцхан чөлөөнд майхан, ширээ, сандал сэлт тэргүүтэй аяллын хэрэгслүүд засжээ. Харваас залуу хосууд аялж яваа нь илт аж. Зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжиг ийн эхэлнэ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сараас “Урлагийн хөгжил ирээдүй” ТББ гэх нэр урлаг, тэр дундаа театр сонирхогчдын сонорт хүрч эхлэв. Уг байгууллагыг олон нийтэд урлагийн боловсрол олгох чиглэлээр сургалт, үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолт, бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулах зорилготойгоор үүсгэжээ. Мөн энэ хугацаанд утга зохиол, дүрслэх урлаг, хөгжим, тайз болон дэлгэцийн урлагийн төрлүүдээр цуврал лекц, сургалтыг долоо хоног бүр тогтмол зохион байгуулсан юм. Түүнчлэн “Bee studio” урландаа уран зургийн болон жүжгийн зохиолчийн сургалт явуулж, “Bee” театраараа дамжуулан тоглолт, шинэ уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Эл театрынхаа анхны уран бүтээл болгон зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг өнгөрсөн бямба гаргаас тоглож эхэллээ.
П.Баярсайхан бол 1980-аад оны хүүрнэл зохиолд өөрийн гэсэн бичлэгийн өнгө аяс, уянга сэтгэл зүйн уран дүрүүдээрээ уншигчдын талархлыг хүлээсэн зохиолч. Түүний зохиол бүтээлүүд хэл найруулга, өнгө аяс, утга агуулгаараа онцгой хэв маягийг бүтээж, эрс ялгардаг. Түүнийг дүрүүдийнхээ сэтгэл зүй, дотоод бодролыг нээсэн зохиолч хэмээн утга зохиол судлаачид үнэлдэг. 1970-аад оноос яруу найраг, өгүүллэгээр уран бүтээлийн гараагаа эхэлж, дүрийнхээ дотоод сэтгэлийн хувирал, бодол санааны эргэлт, сэтгэл зүйн шинж байдлаар зохиолынхоо үйл явдлыг голчлон зангидсан өгүүллэг, туужаараа 1980-1990 оны хүүрнэл зохиолын нэгэн хэв загварчлал, тогтонги байдалд өөрчлөлтийн салхи авчирсан нэгэн юм. Тухайлбал, “Чулуу” өгүүллэг, “Нохойн хэвтэр” тууж болон “Хөх туурийн тал”, “Гэрэл гэгээг хүснэ”, “Хоёр зуун дөчин хоёр”, “Захиа”, “Тавиул” зэрэг бүтээлийг дурдахгүй өнгөрч боломгүй. Түүний бүтээлүүдээс хүний сэтгэлийн гүн дэх нунж дорой, өчүүхэн ядмаг зүйлийг ухаж төнхөн илрүүлсэн “Хүн гөрөөс”, “Албин”-г театрын тайзнаа амилуулж байв. П.Баярсайханы дээрх хоёр жүжиг жин бан, цар далайцаараа чансаатай бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтана.
“Урлагийн хөгжил ирээдүй” ТББ-ын “Bee” театр бидний хэлж заншсанаар зүүн дөрвөн замын цаахна байдаг аж. Бүр тодруулбал, “Гялс” төвийн урд. Үүдээр нь ормогц цагаан, шар, хар өнгийг хослуулан тохижуулсан тасалгаанууд угтана. Энд тэдний өөрсдийнх нь хэлснээр “жинхэнэ урлагийн булан” байгуулжээ.
“Bee” театрын “Хүн гөрөөс” жүжгийн нээлтийг хоног тоолон хүлээсний хамгийн том шалтгаан нь эл уран бүтээлийг Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж найруулсан явдал байв. 1974 онд ЗХУ-ын Москва хотод А.В.Луначарскийн нэрэмжит Театрын урлагийн сургуулийн найруулагчийн ангийг дүүргэж, 1976-1990, 1996-2000 онд УДЭТ-т найруулагч болон ерөнхий найруулагчаар ажилласан эл эрхэм зохиолчдын уугуул буюу гол санааг гайхалтай мэдэрдэг, А.П.Чеховоос Ж.П.Сартрын зохиол хүртэл чөлөөтэй сэтгэж, гайхалтай уран бүтээл туурвидаг хэмээн судлаач, шүүмжлэгчид дуу нэгтэй хэлдэг. 100 гаруй уран бүтээл нь ч үүнийг батална. Тэрбээр хүнд өвчинтэй нүүр тулж, “тулалдаж ялчихаад”, эргээд тайзнаас үзэгчидтэйгээ “мэндчилж” буй нь энэ юм.
Дээр дурдсанчлан “Хүн гөрөөс” жүжиг ойн дундах бяцхан чөлөөнд залуу хосууд аялж буйгаар эхэлнэ. Эмч бүсгүй Оюумаа хайрт залуу Дэлэгтэйгээ яваа нь энэ. Дэлэг ангийн хорхойтой. Тиймээс дурлалт бүсгүйдээ ямар анчин болохоо гайхуулж, бас болоогүй ангийн хишиг, аз таарвал гөрөөсний цус амсчих хүсэлтэй. Оюумааг өглөө сэрэхэд Дэлэг дэргэд нь байсангүй. Буу нь алга байгаагаас харвал анд явчихаж. Энэ зуур Оюумаа цай цанаж, өглөөний цэнгэг агаараар ханатлаа амьсгалан тааваараа сууна. Гэнэтхэн буун дуу тасхийнэ. Дараалан хоёр ч удаа. Хэсэг хугацааны дараа Дэлэг “унагаасан” гөрөөсөө үүрч дүүрсээр ирэх нь тэр. Дэлэг гөрөөс буудсанаар амар амгалангаа агнаж орхисноо яахан мэдэх билээ.
Хоёр хүний эл жүжигт хэн ч харсан царайлаг, нуруулаг, сайхан бүсгүй, хүний их эмч Оюумаагийн дүрд жүжигчин Б.Одгэрэл “хувирав”. Тэрбээр 2013-2020 онд УДЭТ-т ажиллахдаа Л.Флетчерийн “Уучлаарай, та дугаар андуурч”, М.Сертантесын “Кихот ноён”, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, Э.Оюуны “Би эндээс явахгүй” тэргүүтэй жүжгүүд, 2020 оноос “Black box” театрын “Тамын хаалга”, “Хоёр хүний дэмийрэл”, “Альфа” театрын “Фауст”, “Орфей” театрын “Гэм зэм” зэрэг жүжгийн гол болон туслах дүрээр үзэгчидтэй “уулзаж” байв. Оюумаа энгийн л нэг бүсгүй мэт боловч түүнд хэнд ч хэлдэггүй, хэлэхийг хүсэж ч байгаагүй нууц бий. Харин түүнийг жүжигчин Б.Одгэрэл ухаж, төнхөж, илчилж, эцэст нь ний нуугүй үзүүлсэн. Оюумаагийн дурлалт хархүү Дэлэгт жүжигчин Г.Мөнхжаргал тоглосон. Дэлэгт Оюумаад зүрхэлж хэлж чадаагүй нууц мөн л бий. Жүжигчин Г.Мөнхжаргал 2006-2021 онд “Шинэ үе” продакшн, “Black box” театрт жүжигчнээр, 2022 оноос УДЭТ-ын туслах найруулагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд “Краппын сүүлчийн бичлэг”, “Заратустра”, “Годог хүлээхүй”, “Хэмхэрхий дүрс”, “Овоо” зэрэг тайз, дэлгэцийн 20 гаруй бүтээлд тогложээ. 2014, 2020 онд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас “Краппын сүүлчийн бичлэг”, “Заратустра” жүжгийн дүрүүдээрээ шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарч байлаа. Түүнчлэн “Сав” богино хэмжээний киногоороо 2017 онд БНХАУ-д зохион байгуулсан олон улсын кино наадамд оролцож, шилдэг найруулагч, шилдэг киноны төрөлд ялж байв.
“Хүн гөрөөс” драмын жүжгийг 1991 онд найруулагч Г.Доржсамбуу театрын тайзнаа анхлан амилуулж байв. Тухайн үед Дэлэгийн дүрд Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Оюумаад Ардын жүжигчин С.Сарантуяа нар тогложээ.
Өглөөхөн л жаргалдаа умбаж асан хос үдийн хэрд хирт хийлгэм үйл явдлын дунд “төөрч”, үдэш нь нэг нэгнийгээ хайр найргүй “ухна”. Яг л нүцгэлэх мэт. Тодруулбал, хос хоёрын нууцууд өөр нэг дүрээр зангилагдаж, задарна. “Хүн гөрөөс” жүжиг ердөө хоёр дүртэй боловч Сугар гэх бодит бус дүрийн “орон зай” маш их. Дэлэгийн гөрөөс агнахаар буудсан тэнэсэн суманд Сугар гэгч оногдож, амьсгал хураана. Гэтэл Сугарын дүр үхсэн мөчөөсөө л “амьдарч” эхлэх нь хачирхалтай. Оюумаа, Дэ¬лэг хоёрын сэтгэл зүйг гөрөөсөөр бэлгэдэж, тэд түүнийгээ алснаар сэтгэлийн зовлонд унаж буйг харуулсан гэж ойлгож ч болох. Харин зовлон тэдний жинхэнэ үнэн төрхийг төвөггүй ил гаргачихна.
“Хүн гөрөөс” хүнийг, тэр ч бүү хэл дотор хүний цаана нь нуугдаж буй далдын далд хүнийг нь ил гаргадаг. Тэгэхдээ шуудхан гаргаад ирэхгүй. Хүмүүсийн харилцаа, бодол, хэлж буй үг, гаргаж буй үйлдлээр дамжуулан ил болгодог. Ингэхдээ амьдралын жижиг сорилттой учруулах, гарцаагүй нөхцөлд оруулж мухардуулах, ганцаардуулах, бага багаар хэмлэх гэх мэтээр. Хүн бүрт нууц бий. Үнэн хэзээ ч харагдаж буй шигээ байдаггүй. Тиймээс ч үнэнд хүрэх зам, хүлээн зөвшөөрөх нь хялбар биш аж. Энэ бүхнийг “Bee” театрынхан энэ сарын 22-ныг дуустал “Хүн гөрөөс”-өөр үзүүлнэ. Онцгой уран бүтээлийн дүрүүдтэй танилцаж, тэдний нууцыг нээн, ертөнцийн үнэн мөнийг таньж, өөрийгөө ойлгохын сацуу урлагийг мэдрэх боломж тэнд бий.
Бэлтгэсэн А.Тайшир