НЭГ.
Яруу найраг, археологи хоёрын шүтэн барилдлагын тухай байн байн бодогдох болов. Археологи бодит олдворт тулгуурладаг бол яруу найраг зүрх сэтгэлийг бичиглэн хадгална. Яруу найраг зохиогчийн сэтгэл догдлол, уран саналгын мэдээллийг өөртөө агуулж хадгалаад, хэдэн зуу, мянга мянган жилээр алслагдсан түүхэн явдлын ой санамжийг өгүүлэх зүрхний бичлэг гэлтэй.
Яруу найргаас археологийн хайгуул хийж болох юм гэсэн санааг Монголын их түүхч Гүнжийн Сүхбаатар абугай анх ойлгуулсан юм. Тэрбээр тавиад жилийн тэртээ Монголын эртний түүхийн сэдвээр бичсэн “Сяньби” номдоо “Ахын дуу”, “Чилэгийн дуулал” хэмээх хоёр шүлгийг хоёр мянгаад жилийн тэртээх оюун санааны амьд бичлэг болгон оруулсан байдаг. Хүннүгийн үед зохиогдсон гэх энэ дуу хожим нь ханз үсэгт тэмдэглэгдэн үлджээ. Уг шүлэг дэх,
Тэнгэр хөмрөглөн шүхэрлэхүй
Тэнүүн талд гэртээ суугаа аятай… хэмээх хоёрхон мөрөөс хоёр мянга илүү жилийн тэртээх Хүннү гүрний үед бидний өвгө дээдэс хөмрөглөх тэнгэрээс үлгэр авсан гэртэй байжээ. Тэр үед эдүгээн монгол гэрийн хэв маяг бий болсон байжээ хэмээн сэтгэлдээ дүрслэн харж болно. “Ахын дуу”-нд өгүүлэх нь:
Ах минь явчаад эргэж ирсэнгүй
Аль алинаасаа салан холдох нь хялбар
Ахин бие биетэйгээ уулзах нь хэцүү…
Энд эх нутаг минь үзэгдэхгүй нь
Элэг зүрхийг минь шимшрүүлнэ…
Сянбийн нэгэн аймгийн толгойлогч эв эврэлцэн салж холдсон ахаа, бас ард үлдсэн эх нутгаа санагалзсан гуниг гэмшиглэн хоёр мянганы ча надтайх уншигчийн сэтгэлийг эмзэглүүлэх аж. Археологийн малтлагаас олдсон эд өлгийн зүйлс бол түүхийн барим тавим гэрч, харин тэр цаг үеийн дуу шүлэг бол лугшиж буй зүрхний цохилт, амь амьсгал юм.
Галба юүлэхэд бүхий л юмс сөнөвч
Гагцхүү мөн чанарт шингэн үлднэм
Шинэ галба эхлэх бүрийд
Сэтгэлийн хүчээр дахин цогцолмой.
Вээдийн үеэс эдүгээ хүрч ирсэн гэх энэ бадаг дуулал нь, галав юүлэхэд бүх юм сөнөөд хоосон чанарт шилжиж, оюун санааны эрчмээр дахин буй болж цогцолдог хэмээн 4000 жилээс чанагш амьдарч байсан хүмүүс үзэж байсан эртний мэдлэг ухааны эш онолыг танин барих нь чухам археологи мөн.
Чингис хаанаас хоёр жарны хойно аж төрж байсан Английн яруу найрагч Жеофре Чоосер “Кентерберийн үлгэрүүд” хэмээх их цувралынхаа нэгэн найраглалыг Чингис хаанд зориулжээ. Уг найраглалд өгүүлснээр хүмүүн төрөлхтний хамгийн төгөлдөр их хааны найранд олон газраас зочид ирсний нэг нь товчлуур жолоодлоготой төмөр морь хүлэглэсэн байж, очих газраа хэлж товчлуур дарахад тэр газарт нь даруй хүргэх аж. Чухам өдгөөгийн цахим удирдлагатай нисдэг хөлгийг зөгнөсөн мэт. Манай нэрт гүүш Дамдины Бямбаа абугай тэрхүү найраглалыг эртний англи хэлнээс нь яруу сайхан орчуулж хэвлүүлсэн яг тэр цагт өөр нэгэн учрал болсон нь Туул голын хөвөөн дэх Цонжин болдог хэмээх домогт толгод дээр Чингис хааны морьтой сүрлэг баримал бүтээгдсэн явдал юм. Чухам түүхийн зөн совин, бэлгэ учралын зохилдлого буй заа.
нглийн их яруу найрагч Самиуэл Тэйлор Колерижийн “Хубилай хаан” хэмээх шүлгийг мэдэхгүй соёлт ертөнц байхгүй бөгөөд орон орны судлаачид зүйл бүрээр тайлбарлах нь арх еологийн олдворыг тал талаас нь шинжлэхтэй агаар нэгэн буй. Монголын эзэнт гүрнээс гурван зуу илүү жилээр алслагдсан цаг үед яруу найрагч зүүд зөн совин, онгодын ертөнц дотроо XIII зууны Шанду хот, түүний ойр орчмыг үзсэн мэт дүрсэлсэн нь ялангуяа эрдэмтэн судлаачдыг яруу найргаас археологийн малтлага хийх зүг рүү хөтөлсөн байдаг. Америкийн нэрт судлаач Мор рис Росаби “Хубилай хаан” номоо энэ шүлгээр эхэлсэн бол, мөн судлаач Жэк Уэтер форд “Өнөө гийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номоо Ж.Чоосерийн шүлгээр эхэлж, тэд дээрх шүлгүүдээс бүтээхийн эрч хүч, итгэл үнэмшлээ цэ нэглэж, түүхэн бүтээлийнхээ удиртгал, хөтлөгч бэлгэ тэмдэг болгосон нь сонирхолтой.
Археологийн олдвор чигээрээ цаг түүхийн гэрч болж гарч ирсэн яруу найраг хүн төрөлхтний соёлын өв дотор олон буй. Хоёр гурвыг цухас дурдсу.
Нанхиадын уран зохиолын ууган дурсгал болох “Шүлэглэлт ном” буюу “Ши-жин” нь НТӨ XII-X зуунуудын эхнээс НТӨ VIII-V зууны дунд үеийг хүртэлх бараг 500 жилийн хооронд зохиогдсон бөгөөд их мэргэн Күнз ардын дунд тархсан 3000 гаруй шүлэг найргийг цуглуулан шигшсээр 300-г сорчлон эмхэтгэсэн нь хүн төрөлхтний соёлын шижир алтан тунгаамал болж үлдсэн юм. “Шүлэглэлт ном” нь Күнзийн сургаал шастируудын хамт НТӨ 213 онд шатаагдан ус таад даруй 200 гаруй жилийн хойно Хан улсын эртний сүмийн нурсан тууринаас тэвхийтэл өрсөн ном судар гарч ирсэн нь мөнөөх ал дарт “Шүлэглэлт ном” байсан гэдэг. Суут бүтээлд өөрийгөө хадгалж үлдээх ямар нэгэн дотоод хүч оршиж байдаг байж болох юм.
Монголын эх оронч цэргийн жанжин, яруу найрагч Цогт хунтайжийн шүлгийг эрин зуун давуулан ирээдүй рүү баттай илгээх санааг Эрх хиа, Дайчин хиа, Гүен баатар нар бодож олоод Дуутын хар чулуунаа сийлж, Монголын төв нутгийн хээр талд хадгалуулсан юм. Газар нутгийн байршил, шүлэг сийлэх чулууны сонголт, бичиг үсгийн тиг зурлага цаглашгүй нандин. Дөрвөн зуун жил болоход нэг ч ацаг эмтрээгүй, ус, бороо нар салхинд элээгүй байгаа нь байгаль, цаг агаар ба нүүдэлчний мэдлэг ухаан, соёлын гайхам шүтэлцээнд хадгалагдсаных болой. Шүлэг нь унши хуйяа уран яруу, үсэг бичиг нь хараагүй хүн ч тэмтэрч уншиж болмоор тод томруун. Чулуу нь эгшиглэнтэй. Дөрвөн зуун жилийн түүхтэй энэ яруу найраг бол археологийн бүхэл бүтэн симфони юм.
ХОЁР.
Яруу найраг цаг хугацааны алслалтаас үл хамааран эрт урьдын соёлын дурсгал дахь мэдээллийн ой санамжийг онгодоор хүлээн авдаг байна. Монголын орчин үеийн яруу найрагт археологийн сэдэв анх их зохиолч Д.Нацагдоржийн яруу найрагтай цуг орж ирсэн бололтой. Агуу их Д.Нацагдоржийн “Түүхийн шүлэг” бол түүх археологийн асар том орд, очир алмаазан олдвор мэт ажгуу. Их найрагч бээр хэдхэн мөр шүлэгт Монголын түүхийн бүх цаг хугацааг багтаасан нь үнэнхүү гайхамшиг. Их зохиолчийн өрлөг түүхэндээ чин хайртай зүрх сэтгэл, яруу найргийн онгод хоёр нэг саванд хосолсных тэр буй заа.
Их яруу найрагч Б.Явуухулан багш “Тайхар чулуу” шүлгээ чухам археологийн тайлал мэт сонирхолтой таамаглалаар эхэлсэн байдаг.
Тайхар чулуу тэнгэрээс унаагүй
Тайхар чулуу тэндээсээ ургаагүй
Ганц хүн өргөж тавиагүй
Галт уул тургиж шидээгүй… хэмээн уг чулууны тухайд боломжгүй болгоныг дурдаад таамаглалаа дэвшүүлсэн нь сонирхолтой.
Хэзээ ч юм бэ, эрт урьдын цагт
Хэдийд ч юм бэ, элэнц хуланцын үед
Гунан бухын сураар оосорлоод
Түмэн боол чирч явсан байж таарна!… хэмээн өөрийн тайллыг шүлэглэсэн нь буй. Их Явуу бээр найрагчийн зөн совингоор өнө эрт цагийн түүхийн агшныг мэдэрсэн нь энэ юм. Ерөөс яруу найраг бол алслагдсан түүхэн үйл явдал хийгээд домоглог сэтгэлгээний ой санамжийг өөрийн цаг үе рүү татан авчирч чаддаг шидтэй ажгуу.
Их найрагч Мишигийн Цэдэндоржийн 1978 онд хэвлүүлсэн “Нутгийн чулуу” туурвил бол зохиолчийн төрөлх Алтай нутгийнхаа чулуун хуудсыг уншиж тайлах, тэр тусмаа яруу найргийн сэтгэлгээний гүн рүү хийсэн түүх археологийн хайгуул, шинэ эрэл байсан юм.
М.Цэдэндоржийн “Нутгийн чулуу” ном дахь нэгэн шүлэгт:
Гурвалжин үзүүртэй зэв
Гурвалсан морьтой жанжин
Тэнгэрт хальсан бүргэд
Тэхийн даргар эвэр
Хадны зураг олноос
Хамгийн сониныг хэлбэл
Холыг зорьсон бололтой
Хоёр хүн явж байна
Салахгүйг илтгэсэн бололтой
Салаа замаас нийлсэн байна
Хаа эрт гарсныг бүү мэд
Хайртай хос бололтой
Халуун гараа бариад
Ханилж уулзсан тэр хоёр
Хадны хатуу замаар
Одоо хүртэл явж байна
Монгол нутгийн аль нэгэн хадан дээрх эртний хүмүүсийн зурсныг уншихад ийм нэгэн шүлэгт шууд хөрвөсөн байна. Эртний хадны сүг зураг дахь олон дүрслэл дундаас холыг зорьж яваа хоёр хүний дүрслэлийг яруу найрагч сонгож хараад тайлахдаа хадны хатуу замаар эдүгээ цагийг зорин явж байгаа дүр зураг болгон амь оруулсан байдаг. Хадны зураг бол дүрсээр өгүүлсэн яруу найраг ажээ. М.Цэдэндоржийн “Нутгийн чулуу” туурвил бол тэр аяараа хад чулуун дурсгал руу хайсан яруу найргийн археологи юм.
Яруу найрагчийн зөн совин өнө эртний түүхийн агшинтай үл мэдэгдэх далд шишимээр холбогдох, тайлал нь шинжлэх ухааны судалгааг илэрхийлэх явдал олонтоо.
Миний анд Д.Нямсүрэнгийн “Шилхэнцэг” хэмээх сайхан шүлэг буй. Хээр талаас адууны салхи үнэртэж хэдэн зууны тэртээх хөсөг тэрэгний нүүдлийн чимээ гарч уг шүлэг эхлэх бөгөөд
Хэрлэнгийн хөдөө арал, Шилхэнцэг хоёрын
завсар мориноосоо буухад
Хэм хэмжээ алдарч ертөнцийн цаг тоолол гар-
вал алдагдана.
Хэрхсэн нь үл мэдэгдэх оньсого таавар лугаа
битүүмжлэгдэхүй
Дөрөөн тавагны жингэнэх дуу тэнгэр рүү босоо
хөх зурвас татуулна
Дөрвөн зүг энд хэзээ ч байхгүй, сансрын оройн
зайд үл хамаарах бөлгөө. хэмээн шүлэг төгсөнө. Яруу найрагчийн 1990 оны зун бичсэн эл шүлгийг мэдэрвээс Монголын түүхийн гайхамшигт үйл явдал болсон тэрхүү нутагт яруу найрагч өөрөө ч үл мэдэх байдлаар “битүүмжлэгдсэн” байна. Ер нь яруу найргийн онгод буух тэр цаг мөчид цаг хугацаа орон зайн огт өөр байдалд орсон мэт ер бусын мэдрэмж төрөх нь байж болох зүйл. Чухам тэнд цаг хугацааны алсаас цэрэг дайчдын дөрөөн таваг жингэнэж, босоо хөх суунаг тэнгэрт татаж зүг чиг байхгүй мэт алдран, яруу найрагч үнэхээр хаана ч үл хамаарах тийм орон зайд орсон бололтой. Тэгээд ч уг шүлэг агшин зуур бичигдэж тэр шүлгийнхээ доор “1990.8.10” хэмээн үзэглэжээ. Археологи, яруу найраг хоёр яг тэр мөчид нэгэн орон зайд найрссан буй заа.
Яруу найрагч зураач М.Амархүүгийн “Болор цом” наадамд нэгэнтээ уншсан “Шувуудын сүүдрүүд” хэмээх их содон сонин шүлэг байдаг.
Хадан дээгүүр шувууд нисэж өнгөрөв
Хадан дундуур сүүдэр нь халцарч өнгөрөв
Сүүдрүүдээ эмнүүлэхээр гадаа орхиод
Сүрэг шувууд нисэж одов
Хатсан сүүдрүүд нь салхинд хийсээд
Хаданд наалдан сүг зураг болов
Цаг хугацааны уртраг дагаж шувууд гол дээгүүр, бутан дээгүүр, хадан дээгүүр сүүдрээ орхиж нисэн өнгөрөх бөгөөд шувуу, цэцэгс, үүлс болон үлдэж байна. Шүлгийн амин сүнс болсон археологийн мэдрэмж бусдаасаа маш тодорхой үлдэнэ. Шувууд нисэж өнгөрсөн даруй сүүдэр нь хаданд урагдаж, тасархай нь он цагийн салхинд онгож эдгээд улмаар эгшин хатаж “сүг зураг” болж буйг хэдхэн мөрөнд хураангуйлсан нь шүлэгчийн ур чадвар мөн. Үнэхээр эртний түүхийн үйл явдлыг яруу найргийн торгон мэдрэмжээр торгоон барих аваас шувууд сүүдрээ орхин нисээд өнгөрөх мэт агшинд хураангуйлагдана. Улмаар цаг хугацаа үйл явдал шувууны сүүдэр мэт хаа нэгтэй хадгалагдан үлдэж, харин шувууд сүүдрээсээ салаад хязгааргүйн ча надад уусаж алга болно. Хадны сүг зураг болж үлдсэн мөнөөх эртний түүхийн бичиглэл нь амь сүнстэйгээ үлдэж орших ажгуу.
Шувуудаасаа хагацсан уянгалаг ганганаа нь
Шунхан уулсын цуурай болов оо…
Шүлэг ингэж төгсөнө. Гэхдээ төгсөөгүйн тэмдэг гурван цэг хатгажээ. Монгол нутгийн хад чулуунаа сийлэгдэн он цагийг туулан бидний үед хүрч ирэхдээ зүгээр нэг хоосон дүрс тэмдэглэгээгээр бус, сүнслэг дуу авиагаар яруу найргийн ертөнц дотор бууж ирвэй. Чухам энд л яруу найргийн үнэт чанар, зөн билиг, нууцлаг хүч оршном.
Мөн “Болор цом” наадамд уншаад төдий л анзаарагдаагүй үлдсэн яруу найрагч О.Цэнд-Аюушийн “Хүннүгийн охин” хэмээх гүн мэдрэмжтэй шүлгийг олж унших завшаан тохиов.
Хүннүгийн охин
Нутгийнхаа хөх уулсаас
Улаан цогтой аргал түүж… байгаагаар шүлэг эхэлнэ. Дайн тулааны гал түймрийн цурав унтраагүй байгаа эртний түүхийн агшин нүдэнд үзэгдэж, унтраагүй аргалын цог төөнөх мэт болно. Цааш,
Зостой улаан уулсынхаа төлөө
Зоригтой эрстэй хамт давхилдаж…
Сарлагийн аргалаар дүүрэх
Хүннүгийн охины
Саадагтай араг салхинд дуугарахдаа
Дуут сум шиг ульж байснаа
Дун шиг сүүлдээ хүнгэнэх нь
Эртний Хүннүгийн охин нуруун дээрээ
Бөртэ чоныг бүүвэйлж яваа юм шиг… хэмээн газар нутгийнхаа төлөө овог удмынхаа төлөө тэмцлийн түүхэн зурвас үеийг нүдэнд хараг дуулж, чихэнд сонордуулна. Түүхийн нэгэн мөчлөгт “Ягаан уулсаа алдаад охид бүсгүйчүүд минь оо энгэсэггүй боллоо” хэмээн гуниглаж дуулсан эртний Хүннүгийн гунигт дууны цуурай яруу найрагчийн сэтгэлд сонсогдож, болсон үйл явдлын зураг нүдэнд нь ийн үзэгдэх ажгуу.
Нэгэн цагт их түүхч Гүнжийн Сүхбаатар гуайн бидэнд мэдүүлж өгсөн эртний Хүннүгийн гунигт дууны цуурай энэ бидний үед яруу найрагчийн зүрх сэтгэл дэх түүхийн эмзэглэлтэй холбогдсон байж таарна. О.Цэнд-Аюушийн энэ шүлэг бол мөнөөх Хүннүгийн гунигт дууны үргэлжлэл мөн. Хоёр мянга илүү жилийн тэртээх газар шорооныхоо төлөө зовнисон гуниглал эдүгээ хорин нэг дэх зууны яруу найрагчийн зүрх сэтгэлийн долгионд баригдахдаа, эртний Хүннүгийн араг үүрсэн охин, эдүгээ цагийн араг үүрсэн эмэг эхтэй залгалдах нь газар нутгийн болон ураг удмын үл тасалдан үргэлжлэх үнэ цэнийг сануулна. Хэдий гээр цаг хугацаа алслагдсан боловч өнөө цагийн уул саас улаан цогтой аргал түүж байгаа нь түүхийн агшин одоо цаг дээр мэт яруу найрагчид мэд рэг дэж буй эмзэглэл юм. Он цаг хэт алслан холдсон ч үдээртэй аргаа үүрч, аргалаа түүж, галаа асаах нүүдэлчин соёлын угшил огт холдсон гүй. Яруу найрагчийн шүлэг дотор археологийн амьд сүнслэг мэдрэмж ийн эгшиглэн буудаг жамтай ажгуу. Шүлэг төгсөх нь:
Нум сумаа нугалж эвхээд үүрсэн эмэг минь
Нутгийнхаа хөх уулсаас улаан цогтой
аргал түүнэ
Үймээнт цаг хэрвээ ирвэл
Үдээртэй аргаа хүүдээ тайлж өгнө
Монголын яруу найрагт археологийн мэдрэмж орж ирсэн нь тодорхой цаг хугацаа хийгээд агуулгын дэс дараатай зүй ёсны үзэгдэл бололтой. Нөгөө талаар эдүгээн хүмүүсийн зүрх сэтгэлд эх түүх, түүний үнэ цэн, өнө холын өвгө дээдсийн зөн совин, бичиг соёл хийгээд бичиглээгүй анир далдын эрчим долгион үл тасалдам холбоотойн учир энэ буй заа. Бумбын эринд шилжих цаг хугацаа орон зайн сэлгэлт нь зөвхөн яруу найрагчдад төдийгүй хөгжим, дүрслэх урлагт мөн адил хүчтэй нөлөөлж буй нь харагдана. Алтайн уулсын дундах Жаргалант хайрхнаас олдсон эртний ятгыг сэргээж түүнд эгшиглэсэн аялгуу хийгээд эрдэмтэн, зохиолч С.Дуламын зохиолоор дэглэсэн “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг болон хаданд сийлэгдсэн тэр дүрслэл өгүүлэмжээрээ уран зураг, уран барималд шууд бууж ирж буй бүтээлүүд мөн адил археологийн мэдээлэл өнөөгийн урлагтай нийлэгжиж байгааг илтгэх бөлгөө.
ГУРАВ.
Соёл эрдэм шинжилгээний “Сувдан сондор” аяллын баг 1997 онд Дарьганга нутгаар аялах замдаа Онгон сумын Таван толгой хэмээх газарт байх хүн чулуун хөргийг үзээд тэр хавьдаа отгоо буулгаж хоноглосон юм. Харанхуй болж хоолоо идэж байтал ойрхон тод гэрэл гарч мотоциклтой хүн ирлээ гэлцэн хэсэг хүлээвэл нөгөө гэрэл алга болчихов. Төдөлгүй нөгөөх гэрэл тэртээ алсад холдов. “Зээр хөөж яваа улс юм болов уу” гэж ярилцаж байтал дахиад л хүрээд ирэх шиг хажууханд гэрэлтэнэ. Ийнхүү нэгэн жигтэй хачин гэрэл шөнө дөл болтол биднийг даажигнах мэт тойрсоор байв. Нэрт археологич Д.Наваан гуай маань “За та нар айсны хэрэггүй, би аргалчихна” хэмээн тас тас хөхөрч биднийг тайвшруулав. Өглөө босоход Наваан гуай алга. Гайхав. Цай боллоо. Цайллаа. Ачаа бараагаа цэгцэлж майхнаа буулгаж байтал Наваан археологич инээд алдсаар гүйж ирэв.
“За би их олзтой. Одоо хэлэхгүй. Дараа та нарт юм дуулгана” гээд бид Будрын чулууны зүг хөдөлсөн юм. Замдаа миний чихэнд “Огт хөндөгдөөгүй арван гуравдугаар зууны булш байна. Ойрхон нь шонхор шувуу харлаа” хэмээн шивнэв. Дараа зун нь Наваан археологич Онгон таван толгойгоос цагаан шонхрын дүрслэл бүхий язгууртны алтан бөгж, алтан эмээл тэргүү тэн олдвор олсон тухай шинжлэх ухааны шинэ мэдээ тарсан юм. Археологич хүний мэргэжлийн зөн совин гэж байдаг, тэр нь яруу найраг чийн онгодтой адилхан байдаг бололтой.
Хоёр мянга арван нэгэн оны зун Урал-Алтай хэлт зохиолчидтой Орхоны хөндийгөөр аялж явах замдаа З.Батсайхан, У.Эрдэнэбат тэргүүтэн археологичид эртний Уйгарын нийслэл Хар хотод малтлага хийж байхтай таарч “Археологийн сонет” нэртэй шүлэг бичсэн билээ.
Археологичийн, газар доор юу байгааг урьдчилан таамаглах зөн совин, яруу найрагчийн эртний соёлоос хүлээн авах долгионлог сэрэл мэдрэмж хоёр нь холын хол хэмээн боддог асан шинжлэх ухаан, яруу найраг хоёрыг ураг садан болгох авай.
Археологийн сонет
Хөгшин Орхон униар дунд бодлогоширно
Хөлгөн түүхийн тоосыг гол ус угааж эс барна.
Наран, саран балгад нь үлгэрт л нуугджээ.
Гүрэн улсын оронд шороон дов л завилжээ.
Археологичид орхисон түүхийн эрэлд хатна.
Аажуухан, довны ёроол руу доош аялна.
Шатсан хотын нурам… шарласан судрын
тасархай…
Шаазангийн хэлтэрхий ч түүх. Шаврын
үлтэрхий ч түүх.
Хуудуугүй үнэнийг хэлчихье. Олдвороо өгчихье.
Хуучин шүлгүүдийн дотор л хууч дурсгал буй.
Хагарсан ваар биш, бүтэн ваар үүнд буй.
Хамгийн сайн археологич бол яруу найрагч юм.
Яг одоо онгод хөлөглөн он цаг сөрж нисвэл
Ястай биш, амьд хүмүүстэй уулзуулж өгье!
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.МЭНД-ООЁО