Шинэ оны наахна гарамгай уран бүтээлчдийн хэмээн тодотгодог “Виртуозо” нэгдсэн концерт болдгийг хөгжмийн урлаг сонирхогчид мэдэх болсон. Зохион байгуулагч “Виртүс” академийнхан энэ удаа 2020, 2021 онд уран бүтээлийн өндөр амжилт гаргасан хөгжимчид болон ардын бүжигчнийг нэгдсэн тоглолтод урьжээ. Улсын филармонийн концертын танхимд энэ сарын 8-нд болох уг тоглолтод хэн, ямар амжилтаар шалгаран оролцох талаар болон тэд ямар зохиол эгшиглүүлэх тухай мэдээлье.
Үндэсний урлагийн их театрын баялаг бишгүүрч Х.Батням тоглолтыг эхлүүлэх аж. Тэрбээр Италийн нэрт хөгжмийн зохиолч А.Пончеллийн гобой хөгжимд зориулсан каприччио тоглох аж. Хуучирч, Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Э.Цэндсүрэн БНХАУ-ын алдарт хөгжмийн зохиолч Ли Бочаны “Хайр ба дайн” хэмээх, хуучирт зориулсан, зөрчил, тэмцлээр дүүрэн, тоглоочоос мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан бүтээл сонгожээ.
Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр энэ удаагийн тоглолтын онцлох уран бүтээлчийн нэг. Тэрбээр энэ онд БНСУ-ын Сөүл хотод болсон тус улсын Урлаг, соёл, боловсролын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн А зэрэглэлийн уралдааны этник төрөлд тэргүүн байр эзэлжээ. Мөн онд тус улсын Бусан хотод болсон олон улсын “2021 BIDF 3rd Korea dance grand prix” уралдаанд дэд, харин “17th Busan international dance festival 2021”-ийн тэргүүн, Тэгүгийн олон улсын зургаа дахь удаагийн уралдаанд дэд, мөн тус улсад болсон “In¬ternatoinal art korea tanz dance competition” тэмцээнд түрүүлсэн байна. БНХАУ-ын Шанхай хотод болсон олон улсын А зэрэглэлийн уралдаанд тэргүүн байр эзэлж, гран при шагналтан ч болжээ. Б.Эрдэнэбаяр бүжиг дэглээч, хэдхэн хоногийн өмнө Гавьяат жүжигчин болсон А.Батхүүгийн дэглэлт “Уулын залуу” хэмээх бүжгийг гала концертын үзэгчдэд сонирхуулах нь.
“Виртүс” академийнхан лимбэчин, Консерваторын багш, Токиогийн урлагийн их сургуулийн зөвлөх багш М.Лхагвагэрэлийг мөн энэ удаагийн тоглолтын онцлох уран бүтээлчээр нэрлэжээ. Монгол үндэсний лимбэ хөгжмийн дуугаралт, тоглолт, төрөл зүйлийг баяжуулахад, урлал талд бүтээлчээр ажиллаж, уг зэмсгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй гоцлол хөгжимчин, багш, судлаач тэрбуур Япон Улсад олон жил амьдарсан юм. Тэр хугацаандаа “Дөрвөн улирал”, “Идэр жинчин”, “Silk road” гэсэн гурван цомогтоо монгол болон олон үндэстний, лимбэ хөгжимд зориулсан бүтээл 40-ийг багтааж, үндэсний хөгжмийн урлагаа Япон болон БНХАУ-д таниулан сурталчилж ирсэн хөдөлмөрч нэгэн. Тэрбээр хөгжмийн зохиолч О.Чинбатын бүтээл “Талын салхи” гоцлолыг тоглох юм байна.
Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн есдүгээр ангийн сурагч Ж.Азжаргал тоглолтын өсвөрийн хөгжимчдийн хэсгийг нээх юм. Тэрбээр суут хөгжмийн зохиолч Ф.Шопены “Фантазия экспромт”-ыг эгшиглүүлэх бол тус сургуулийн наймдугаар ангийн сурагч Э.Хануй Германы алдарт хөгжмийн зохиолч Ф.Мендельсоны хийлийн концертын III ангийг сонордуулна. Есдүгээр ангийн сурагч Г.Амина нь Ф.Шопены “Тарантелла ор.43”-ыг тоглохын сацуу ээж, ятгачин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэтэй хамт хос ятгад зориулсан найруулга тоглохоор онцлогтой.
Тавдугаар ангийн сурагч М.Нарансоёмбо Арменийн нэрт хөгжмийн зохиолч А.Айвазяны “Гүрж бүжиг”-ийг виолончелээр хөгжимдөнө. Тус сургуулийн тав, долдугаар ангийн сурагч З.Амин-Эрдэнэ, О.Нандин нарыг энэ удаагийн гала концертын онцлох өсвөрийн уран бүтээлчээр нэрлэсэн байна. Сурагч тус бүр энэ онд олон улсын 18 уралдаанд оролцсоноос хэн, хэн нь олонход нь тэргүүн байр эзэлж, гран при шагнал хүртжээ. Тэд мөн Ф.Шопены зохиолуудаас хүргэнэ. Манай улсад өнгөрсөн сард суут хөгжмийн зохиолчийн нэрэмжит олон улсын III уралдаан болсонтой холбогдуулан өсвөрийн сонгодог хөгжимчид чухамхүү түүний цуутай туурвилуудаар урын сангаа баяжуулаад буй нь сонголтоос илхэн. Тус уралдааны 18 хүртэлх насны хөгжимчдийн ангилалд тэргүүлсэн аравдугаар ангийн сурагч Ц.Гүнбилэг бол нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын “Монгол ардын дуунаас сэдэвлэсэн найруулга”-ыг тоглох юм.
Филармонийн хийлч М.Номужин, эрдүү хийлч З.Орчлон нар Норвегийн хөгжмийн зохиолч Й.Халворсены “Пассакалиа”, виолончелист Т.Энхмаа Францын хөгжмийн зохиолч Надя Буланжегийн “Гурван жижиг аяз”-ыг сонсгоно. Монголын морин хийлчдээс уг зохиолыг эх орондоо хоёр дахиа эгшиглүүлэхээр онцлог.
ДБЭТ-ын цохивор хөгжимчин С.Хүлэгбаатар ба түүний нөхөд Японы хөгжмийн зохиолч Минорү Микийн “Маримбын гайхамшиг”-ийг гялалзуулснаар “Virtuoso gala concert 20/21” өндөрлөх ажээ. Нэгдсэн тоглолтыг энэ удаа Консерваторын цохивор хөгжмийн багш, Улсын филармонийн хөгжимчин, Гавьяат багш Б.Зоригт хөтлөн явуулах нь бас нэгэн онцлог болох юм.