Уран бүтээлч Ж.Анунаран 10 дахь үзэсгэлэнгээ “Бурхны хүү” нэртэйгээр дэлгэхээр болжээ. Эл үзэсгэлэнгээрээ гэрэл зураг, уран зургийн сонирхолтой техникүүдийг гайхуулах бөгөөд амьдралын тухай өгүүлэх аж. Мөн бодит амьдралын гэрэл зургуудад суурилж, түүн дээрээ танка зургийн элементүүдийг хослуулсан бүтээлүүд ч толилуулах юм. Тэрбээр уг үзэсгэлэнгийнхээ талаар “Чин сэтгэлээсээ бүтээсэн зүүд шиг энэ амьдрал, шидэт домог шиг уран сэтгэмжийн ертөнц хоорондын уулзвар дээр орших төсөөлөлд үзэгчдийг саатуулна” гэж онцолсон. Ж.Анунаран уг үзэсгэлэнгээ Өвөр Монголын уран бүтээлч Ц.Баяндалайтай хамтарч гаргаж байна. Уран бүтээлчийн “өгсөн” орчинд саатаж, автаж, шинэ мэдрэмж, бодролыг тээх боломжийг ирэх сарын 2-8-нд Монголын уран зургийн галерейд олгох юм.
Бэлтгэсэн А.Хангай