Цаг хугацааны урт, талын салхины илбээнд жилээс жилд бүдгэрэн байдаг хадны зурагт буй бүжгийн хөдөлгөөнүүдийг судалж, шинжилснээр утга юуг нь тайлан зохиол бичиж, цомнол үүсгэн туурвисан “Босоо цагаан гурвалжин” этно бүжгийн жүжгийн нээлт “Улаанбаатар” чуулгын концертын танхимд өчигдөр боллоо. СУИС, Соёлын яам, “Зэв фильм” хамтран бүтээсэн, утга зохиол, хөгжмийн болон дүрслэх урлагийн гэсэн чиглэл бүрийн шилдэг уран бүтээлчдийг нэгтгэсэн уг бүжгэн жүжгийг утга төгс гэхээр ажгуу. Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Рашаан хадан дахь зураг дүрслэл, бүжгийн хөдөлгөөнийг доктор С.Дулам дүрсийн болон дохио зангааны бэлгэдлийн кодуудаар тайлан тайлбарлаж, зохиол, цомнол болгожээ. Үүнээс бүжиг дэглээч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар бүжгийн жүжиг төрүүлж. Хөгжмийг Төрийн шагналт С.Соронзонболд бичсэн аж. Дэлхийн урлагт буй бичигдээгүй хуулийн дагуу энэ шинэ бүтээлийг цомнол, бүжиг, хөгжмийн зохиолыг нь туурвисан уран бүтээлчдээр овоглосон байна. Гэхдээ үүнд тус их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийнхан тэр чигээрээ, мөн зураач, нүүр хувиргагч гээд олон авьяастны мэдлэг, мэдрэмжийг сорин, Монгол үндэсний язгуур болон орчин үеийн урлагийн хослол, түүх ба ирээдүйн огтлолцол дээр хаад, эцэг өвгөдийн захиас, сэтгэлийн шивнээг өнөө цагт сэргээн тунхаглах мэт бүтээл болгосон гэлтэй. Санаа, сэтгэл, зүтгэлээ нэгтгэн бас нэгэн этно шинэ бүтээл төрүүлсэн уран бүтээлчид энэхүү бүжгэн жүжгээ “Хаадын цадиг утгалж, хаднаа ургасан тэнгэрийн санаа “Босоо цагаан гурвалжин” хэмээн тодотгож байна.
Монгол орны нутаг дэвсгэрт олон зуун жил оршин буй хадан дээр сийлсэн бичээс, зураг, дүрслэл, тамга, тэмдэг бүхэн утга агуулж байдаг буюу. Рашаан хаданд байдаг олон тамга, тэр дундаа Зүчи, Цагаадай, Өгөөдэй зэрэг хааны тамга ч гэдэг дүрснүүдээс олсон санаагаар бүтээсэн уг бүжгэн жүжиг нь СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас хэрэгжүүлсэн “Тэнгэрийн хүүхдийн бүжиг” төслийн хүрээний гурав дахь буюу сүүлчийн бүтээл нь аж. Өмнөх хоёр нь “Тамганы бүжигчин”, “Хөмөргөн гурвалжин” этно балет билээ.