Монголын хамгийн анхны албан ёсны өвлийн өвөө Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай юм. Тэрбээр 28 настай байхдаа анх энэ дүрийг авч, түүнээс хойш тасралтгүй 50 жил өвлийн өвгөний дүрд хувирч үе үеийн хүүхэд багачуудыг баргил сайхан хоолойгоороо мэндчилгээ дэвшүүлэн амтат чихэр, алим жүржийн бэлэг түгээсээр ирсэн гэдэг.
Г.Гомбосүрэн гуайн охин Г.Энхтуяа 2014 онд хэвлэлд ярилцлага өгөхдөө ингэж ярьжээ. “Аав минь Харшийн ёолкийг хоног тоолон хүлээдэг байлаа. Энэ баяр бол тухайн үеийн хамгийн дээд зэргийн баяр байсан юм. Он солигдох мөчид аав гэртээ байхаасаа байхгүй нь их. Ная гарсан хүн гэхэд залуу байхдаа яаж өвлийн өвгөн болдог байсан яг л тэр эрч хүчээр дүүрэн явдаг байв. Тухайн үед шинэ жилийг миний ааваар л төсөөлдөг байсан” хэмээжээ. Г.Гомбосүрэн гуай байлаа. Өвлийн өвгөний зуун насны ойг анд нөхөд, хамт олон, үр хүүхдүүд нь 2018 онд тэмдэглэсэн юм. Хагас зууны туршид өвлийн өвгөн байсан тэрбээр бидний зүрх сэтгэлд энэ л дүрээрээ мөнхрөн үлджээ. Түүнээс хойш жил бүрийн төгсгөлд цасан охидоо дагуулан ирж тухайн жилд сурсан мэдсэн бүхнээрээ шалгарсан шилдэг тэргүүний хүүхэд багачууд, ажилтан ажилчдад бэлэг гардуулан урамшуулж “Шинэ жилийн мэнд” хэмээн мэндчилдэг ёсон тогтжээ.
Сонирхуулахад, Өвлийн өвгөний хувцас цагаан байдаг нь ариун цагаан сэтгэл, уужим саруул ухаан, амар амгалан байдлыг илтгэдэг бол цагаан сахал нь урт насыг бэлгэддэг. Малгайных нь орой улаан сампин зангилаатай байдаг нь Улаан залаат монголчууд гэсэн утгыг илтгэдэг байна.
Г.Гомбосүрэн гуайгаас хойш Монгол өвлийн өвгөний дүрийг МУ-ын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, МУ-ын Гавъяат жүжигчин З.Жарантав, Б.Жаргалсайхан нар “албан ёсоор” амилуулж байсан байна.