Шинэ жилийн даашинзид зориулсан “FLORAISON FASHION SHOW” энэ сарын 29-ны өдөр 18.00 цагт Корпорэйт зочид буудалд болох гэж байна. Загварын шоуны талаар “Princess Mongolia fashion” брэндийг үүсгэн байгуулагч О.Номин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Загварын шоунд нийтдээ 200 гаруй шинэ жилийн даашинзыг “Монголын мисс, мисстерүүдийн холбоо”, “Fashion Mongolia”, “Mongol Model” agency, “Шилмэл загвар агентлаг”-ийн 60 гаруй моделиуд толиулах ажээ. Энэ үеэр шинэ жилийн даашинзны дуудлага худалдаа болох бөгөөд маш цомхон хэмжээнд цөөн даашинзинд үнэ хаялцуулах гэнэ. Цар тахалтай холбоотойгоор үндэсний үйлдвэрлэгч брэндийнхээ хувьд эдийн засгаа дэмжих хүрээнд үнийн хөөрөгдөл үүсгэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулна. Мөн шинэ жилийн даашинзаа сонгож амжаагүй бүсгүйчүүддээ 50 хувийн хямдралыг санал болгож байгаа гэдгийг “Princess Mongolia fashion” брэндийг үүсгэн байгуулагч О.Номин онцолсон юм.
Мөн тэрбээр, “Өдөр тутмын коктейль даашинз 40 мянган төгрөг, коктейль даашинз 50-90 мянган төгрөгийн хооронд, гоёлын даашинз 100-350 мянган төгрөгийн хооронд байгаа. Ажиллагаанаасаа хамаарч, дээд тал нь 500 мянган төгрөгийн төлбөртэй байж байгаа. Үүнээс Princess Mongolia fashion-ы “топ фэн”-үүд хөнгөлт эдлэх боломжтой” хэмээв.
Сонирхуулахад, энэ жилийн шинэ жилээр тэгшхэн мөртэй, цэвэрхэн цэмбийсэн загварууд трэнд болж байгаа аж. Тодруулбал, коктейль даашинз голчлох юм байна. Коктейль стайль нь шинэ жилийн арга хэмжээнд өмсөж болохуйц. Дараа нь зуны цагт, хавар намрын цагт, амралт зугаалгын цагт, уулзалтад, төрсөн өдөрт өмсөж болохуйц ийм даашинз юм.
Ташрамд дурдахад, “Princess Mongolia fashion” брэнд нь 2016 онд үйл ажиллагаагаа нээсэн үндэсний үйлдвэрлэгч юм. Энэхүү брэнд нь европ хэв маягтай гоёлын даашинз, өдөр тутмын даашинз, өмд цамц, пиджакыг түлхүү урладаг байна. Мөн үйллчлүүлэгч нартаа хувцасны материал, хийц загварын баталгаа гаргаж өгдөг гэнэ. Цаашид монголдоо материал үйлдвэрлэдэг болох алсын хараатай ажиллаж байгаа ажээ.