Суут хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит Төгөлдөр хуурчдын олон улсын III уралдааны гран при шагналын эзнээр БНСУ-ын Урлагийн их сургуулийн оюутан Ж.Ариунзаяа тодорлоо. Тэрбээр тус уралдааны насанд хүрэгчдийн буюу А ангилалд тэргүүлсэн юм. Хоёрдугаар байрт Грек улсын төгөлдөр хуурч Филивос Гациоус шалгарав. Харин гуравдугаар байрт ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторын оюутан Анастасия Стасевич оржээ. Тусгай байрын шагналыг Консерваторын мэргэжлийн төгөлдөр хуурын багш Г.Оюун-Эрдэнэ, мөн тус сургуулийн төгсөгч М.Заяа нар хүртлээ. Уралдааны 17 нас хүртэлх насны буюу өсвөрийн төгөлдөр хуурчид өрсөлдсөн В ангилалд тэргүүн байрыг Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн аравдугаар ангийн сурагч Ц.Гүнбилэг эзлэв. Хоёрдугаар байрт Испани улсын залуу төгөлдөр хуурч Циктор Гасиор, гуравдугаарт Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн аравдугаар ангийн сурагч Д.Танхилуун шалгарсан байна. Тусгай шагналыг тавдугаар ангийн сурагч А.Түшигт хүртэв. Уралдаанаас шилдэг багш тодруулсан бөгөөд энэ хүндэтгэлийн эзэн нь Гавьяат багш, дэд профессор Ч.Тунгалаг болжээ.
Бэлтгэсэн Р.Жаргал