Хүүхэд багачуудыг номтой ойр байлгах зорилготой "Хүүхэд ба ном" өдөрлөг Улаанбаатар дахь Русский Домд болж байна. Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд эл өдөрлөгийг зохион байгуулав. Энд хүүхдийн номын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, албан байгууллагын төлөөлөлүүд өдөрлөгт оролцож, өөрсдийн үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ ирсэн хүүхдүүдтэй номын тухай ярилцав. Энэ талаар сурвалжилснаа хүргэе.
Бэрхийн яриа
Байгууллагуудын өнгө, өнгөөр солонгоруулан дэлгэсэн хүүхдийн номтой танилцаж явахад , тэр дундаас нэг бяцхан хүү номоо дэлгэж байгаа нь их содон санагдлаа. Түүнийг зорьж очин номынх нь тухай ярилцсан юм.
Энэ хүүг Б.Бэрх гэдэг. Тэр Нийслэлийн 93 дугаар сургуулийн сурагч. Аравхан настай хэдий ч өөртөө тохиолдсон үйл явдал, түүнчлэн өөрийнхөө муу зан чанарыг хэрхэн засаж чадсан тухайгаа бичиж, найзууддаа зориулан ном болгож, хэвлүүлжээ. Муу зан чанараа ялж чадсан жишээгээ тэрбээр хэлэхдээ "Би эгчтэйгээ тэрсхэн болохоор маргалдаж, муудалцах нь их. Цаашид эгчтэйгээ муудалцахгүй байхын тулд тэвчих хэрэгтэй гэж бодсон. Тэгээд энэ номдоо "Өнөөдөр миний тэвчих өдөр" гэсэн гарчигтайгаар маргалдахгүй тэсэж, өнгөрөөсөн тухайгаа бичсэн. Энэ мэтчилэн өөртөө тохиолдсон олон хөгжилтэй, сургамжтай зүйлээ ээжтэйгээ хамтарч бичиж, ном болгосон. Мөн хүүхдүүд миний номноос зураг зурахыг сурч болно" гэв.
Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд
Б.Бэрх хүүтэй ярилцаж дуусаад, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэдтэй таарлаа. Мэнд мэдэнгээ хүүхдийн номын талаарх бодлыг нь сонсов.
Зохиолч Б.Наминчимэд "Хүүхдийн дотоод сэтгэл гэдэг ер бусын ариун тунгалаг ертөнц. Уран зохиол тэр ертөнц рүү нэвтрэхдээ гэгээн, гэрэлтэй байх ёстой. Сүүлийн 30-аад жил манай улсад хүүхдийн уран зохиол хаягдсан байдалтай байлаа. Бүхэл бүтэн ирээдүй рүү хандсан үндэсний бодлогыг цөөхөн хэдэн байгууллагууд өдийг хүртэл нуруундаа үүрч ирсэн. Өнөөдөр төрөөс анхаарч энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь сайшаалтай зүйл. Ер нь хүүхдийн ном, жүжиг, кино зэрэг багачуудад зориулсан бүхнийг зах зээл нь мэдэг гэж зөнд нь орхиж болохгүй. Энэ бол ирээдүй рүү чиглэсэн үндэсний бодлого байх ёстой" хэмээлээ.
"Нобелийн шагналтнууд" хүүхдийн номын сан
Хотын төвөөс алслагдмал сургуулийн хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх зорилготой "Нобелийн шагналтнууд" алслагдсан дүүргийн хүүхдүүдэд зориулсан номын сангийн үүсгэн байгуулагч С.Батцэцэгтэй хэсэг ярилцлаа. Тэр таван жил хүүхдийн номын чиглэлээр судалгаа явуулж, хүүхдэд зориулж, уншсан номын тухай сэтгэгдлээ бичих бяцхан тэмдэглэлийн дэвтэр хэвлүүлжээ.
Хүүхдүүд уншсан номынхоо дүрийг төсөөлөн бодож, бичих болон зурах зэрэг хүүхдийг номонд дурлуулах арга барилыг уг Уншсан номын тэмдэглэлд хуваалцжээ. Мөн Уншсан номын тэмдэглэлийг зохиогч хатагтай "Би хотын төвөөс алслагдмал сургуулийн хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх зорилготойгоор алслагдмал сургуулиудтай хамтарч номын санг нь тохижуулж өгдөг. Одоогоор 10 сургуулийн номын санг тохижуулсан. Ингэснээр хүүхдүүд номоор дамжуулж, ахуйн дарамтаас салж, чөлөөт цагаа үр бүтээлтэй, хөгжиж өнгөрүүлэх боломжтой" гэсэн юм.
Энэхүү үйл ажиллагаанд оролцсон байгууллагуудаас бас нэг сонирхолтой зүйл нь "АR" технологи юм. Тодорхой хэлбэл, уг технологийг ашиглан ном, мэдээллийн самбарыг 3D-ээр унших боломжтой хэсэг энд байлаа. Мөн 3-14 насны хүүхдүүдэд зориулсан 3-4 төрлийн эвлүүлдэг тоглоом, 14 төрлийн комик номыг "Аргун" группын борлуулалтын менежер С.Дэмид-Очир танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ, "Бага насны хүүхдүүдэд хичээл заахдаа "AR" төхөөрөмжийг ашиглан сонирхолтой байдлаар хичээл зааж болно. Жишээлбэл, химийн үелэх системийн самбар руу гар утас болон таблетаа чиглүүлбэл, химийн үелэх системийг үндэслэгч Дмитрий Менделев өөрөө утас дээр гарч ирж, хүүхдүүдэд үелэх системийн талаар танилцуулна" гэв.
"Хүүхэд ба Ном" хүүхдэд зориулсан энэхүү өдөрлөг нь Улаанбаатар дахь Русский Домд /РЦНК/-д оройн 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Амжиж очиж сонирхоорой.