Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын шилдэг 10 өгүүллэгийг тодруулжээ. Үүнд П.Батхуягийн “Агь нүдэлж байна”, Г.Болормаагийн “Сэтгэлийн агь”, Г.Даваасүрэнгийн “Нохойны нулимс”, С.Пүрэвсүрэнгийн “Шаазгай үр”, Т.Дарханхөвсгөлийн “Тэнгэр дуугаргадаг хүн” бүтээл багтав. Мөн Б.Цоожчулуунцэцэгийн “Эх”, До.Цэнджавын “Хийлч”, О.Энхжавхлангийн “Тэмдэгт нэгэн овоо”, М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа”, Х.Эрдэнэцэцэгийн “Уулын зөрөг зам” зэрэг өгүүллэг шилдэг 10-т тунажээ. Өнөө жилийн “Утгын чимэг” наадмыг Төрийн шагналт, төр, нийгмийн зүтгэлтэн, зохиолч С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулж буй бөгөөд энэ сарын 22-нд УДЭТ-т болно. Ташрамд дурдахад, “Утгын чимэг” наадмыг 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохион байгуулж, оны богино хэмжээний шилдэг хүүрнэл зохиол шалгаруулж эхэлсэн бөгөөд 1993 оноос нэрийг нь өөрчилжээ.
Бэлтгэсэн А.Хангал