Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” арга хэмжээний хүрээнд өнөөдөр болон амралтын өдрүүдэд зохион байгуулах зарим үйл ажиллагааг танилцуулъя.
- ӨНӨӨДӨР “СҮҮДЭР”-ИЙГ НЭЭХ НЬ
“Сүүдэр” хүүхэлдэйн киног 12 орны 114 уран бүтээлч цар тахлын үеэр технологийн дэвшил ашиглан, дөрвөн сарын турш алсын зайнаас хамтран бүтээсэн аж. Монголын залуу уран бүтээлчдийн төлөөлөл Холливудын Мэргэжлийн кино уран бүтээлчдийн холбооныхонтой нийлж бүтээсэн тус хүүхэлдэйн кино 72 дахь удаагийн Каннын наадмын “Богино кино булан”-д оролцож, АНУ-ын Миссури мужид жил бүр зохиодог “St. Louis” олон улсын кино наадмын “Шилдэг богино хэмжээний кино” төрөлд өрсөлдөж байв. Харин Монголын үзэгчдэд өнөөдөр “Prime сineplex” кинотеатрт үзүүлнэ.
- ШУВУУЧЛАХУЙ” ҮРГЭЛЖИЛНЭ
Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэг, Монголын шувуулахуй холбоо хамтран “Шувуучлахуй” хамтарсан үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Үзэсгэлэнд 20-иод уран бүтээлчийн 50 гаруй арьсан хөөмөл ханын зураг, арьсан сүлжмэл зангилаан аргаар хийсэн баримал, шувуудыг чихмэл аргаар бүтээсэн баримал мөн олон төрлийн материал ашиглаж махчин шувуудын өвөрмөц донжийг гарган хийсэн баримлууд дэлгэжээ. Үзэсгэлэн энэ сарын 21 хүртэл “Монгол арт” галерейд үргэлжилнэ.
- “ДОН КИХОТ”-ТОЙ
ДБЭТ-ын уран бүтээлчид 59 дэх улирлын нээлтээ Монголын үндэсний анхны дуурь Ц.Нацагдоржийн зохиол, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим “Учиртай гурван толгой” дууриар хийсэн бол энэ амралтын өдрүүдэд Л.Минкусын “Дон Кихот” балетыг хүргэнэ. Мигель Де Сервантесийн “Кихот ноён” зохиолоос сэдэвлэсэн энэ балетад Китри, Базиль нарын хайр дурлал, тэдний дундуур хөндөлдөх баян тайж Гамаш, хүргэнээ сонгох гэж туйлбаргүй загнах Лоренцо нарын хөгтэй адал явдлуудыг үзүүлнэ.