Хичээлийн шинэ жил хаяанд ирж, оюутан залуус амьдрах орон байрныхаа эрэлд гарчээ. Түрээсийн байрны үнэ нэг сарынх нь сая төгрөгөөс эхэлж байна. Ингэхдээ эхний гурван сарын түрээсийн төлбөр дээр барьцаа нэмж авах шаардлага тавьдаг. Ийм хэмжээний мөнгийг нэг дор бэлэн өгөх оюутан тун ховор. Тэдний олонх нь эцэг, эхдээ санхүүгийн дарамт учруулахгүй гэсэндээ зуны амралтаараа ажиллаж, сургалтын төлбөрөө босгодог шүү дээ. Иймд дотуур байр л тэдний гол сонголт болно. Гэтэл дотуур байранд амьдрах хүсэлтэй суралцагч олон байдгаас багталцахгүй хаягдах нь элбэг. Өдгөө их, дээд сургуулийн оюутны дотуур байранд амьдрах суралцагчдыг бүртгэж буй юм.
ИХЭНХ ДОТУУР БАЙРНЫ БАРИЛГА ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАДАГГҮЙ
2023 онд төрийн өмчит, хувийн их, дээд сургуулийн 69 байранд 14 000 орчим суралцагч амьдарч байжээ. Тэдгээр байрны 47.5 хувь нь1950-1979, 40 хувь нь 1980-1999 онд барьсан, насжилт өндөртэй, чанарын шаардлага хангахгүй болсон тул их засвар хийх шаардлагатай аж. Өнгөрсөн жил баталсан Дээд боловсролын тухай хуулиар их, дээд сургуулийн Удирдах зөвлөл төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. Тиймээс төсөвтөө тааруулан дотуур байрандаа урсгал засвар хийх, шинэчлэх, эсэхийг тухайн сургуулийн Удирдах зөвлөл нь шийдэх юм байна. Боловсролын яамны тухайд оюутнуудынхаа эрхийг ханган ажиллах шаардлагыг сургуулиудад тавих эрхтэй гэнэ. “ШУТИС-ийн оюутны нэгдүгээр дотуур байр суралцагчдаа хүлээн авч байна. Жижигхэн өрөөнд дөрвөн хүн амьдарна. Мөн давхар бүр угаалгын болон гал тогооны нэг өрөөтэй. Гэсэн ч төлбөр нь нэг хүүхдийн 835 000 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр нэг өрөөний төлбөр 3 340 000 төгрөг болох нь. Мөөгөнцөртсөн, ханын цаас нь хууларч, шалных нь будаг арилсан байна. Арай дэндүү юм, ийм нөхцөл байдал угтана гэж даанч санасангүй” хэмээн нэгэн иргэн цахим хуудсандаа дотуур байрны тохижилтын дүрс бичлэгийн хамтаар өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн. Эл ганцхан жишээ нь нийгэмд оюутан залуусын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буйг олон талаар харууллаа. Тухайн иргэний мэдээлэл цахим сүлжээнд “хүчээ авах”-д ШУТИС-ийнхан дүрс бичлэгт өртсөн өрөөг засаж шинэчилсэн аж. Бас тухайн бичлэгийг хийсэн оюутныг хайж олохоор хяналтын камераа шалган сүржигнэж буй гэнэ. Уг нь авах ёстой арга хэмжээ нь байрныхаа засварын ажилд анхааралд хандуулах болохоос бус, бичлэг хийсэн нэгнийг олох биш юм. Тус сургуулийн оюутны дотуур байрны орчин нөхцөлийг сурвалжлах хүсэлтэйгээ удирдлагуудад нь илэрхийлэхэд “Тийш ийш холбогд. Ойлголоо, бид хуралдаад хариу хэлье” гэсээр багагүй хугацаа өнгөрөв. Сүүлдээ дотуур байр хариуцдаг албан тушаалтан ч байдаггүй болж таарсан юм.
“САНХҮҮЖИЛТ БАГА ГЭЭД ХҮҮХДҮҮДИЙГ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ”
Хүний эрхийн үндэсний комиссоос дээрх асуудалтай холбоотойгоор хяналт тавьсан байна. Энэ талаар тус байгууллагынхан “Эцсийн дүгнэлт хараахан гараагүй. Урьдчилсан дүгнэлтээр эл барилгыг 1986 онд ашиглалт оруулсан ч өнөөг хүртэл их засвар хийгээгүй. Тасалгаануудынх нь ханын цаас хууларч урагдсан, ширээ, сандал нь эвдэрсэн угаалгын өрөө нь суултуургүй, ганц шүршүүртэй, тэр нь тусгаарлалт муутай. Түүнчлэн өнгөрсөн жилээс эхлээд өдий хүртэл халуун усгүй байсан тул оюутнууд нь усанд орох боломжгүй байж. Нийтийн эзэмшлийн талбайд хяналтын камер хангалтгүйгээс үе тэнгийнхний дээрэлхэлт их гардаг байх магадлалтай. Оюутны дотуур байртай холбоотой бичиг баримтыг шалгахад ихэнх нь бэлэн байгаагүй, дараа нь явуулъя гэсэн. Агааржуулалт муутайгаас хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байна. Оюутны байр стандартын шаардлага
хангасангүй. Галын аюулгүй байдал хангалтгүй бөгөөд барилгыг ашиглалтад оруулснаас хойш засаагүй тул гал алдах эрсдэл их. Төрийн захиргааны байгууллагаас сүүлийн хоёр жилд хяналт шалгалт хийгээгүй. Санхүүжилт бага гэсэн шалтгаанаар хүүхдүүдийн эрүүл мэндийг хохироож болохгүй” гэв. Дотуур байранд оршин суугчдаас орчин нөхцөлийнх нь талаар тодруулахад “Байранд багтаагүй хүүхэд олон бий. Хэрвээ мэдээлэл өгвөл байранд орж чадахгүй болчих байх. Дотуур байрны бичлэг цахим орчинд тарснаас хойш зураг дарахад хүртэл дургүйцэх болсон. Байрны бичлэг олон нийтэд хүрсний дараа зарим өрөөгөө янзалсан” гэсэн юм. Үүнтэй зэрэгцээд “арын хаалга”-аар оюутнуудыг оруулж, будилаантуулах нь ч ихэссэн гэнэ.
ЗАРИМ СУРАЛЦАГЧ ГУДАМЖИНД ХОНОЖ БАЙНА ГЭВ
“Би байрны бүртгэлээс хоцорчихсон юм. Байрны Оюутны зөвлөлийн гишүүн нэртэй, IV түвшний оюутнууд түрүүлж байрандаа орчхоод, бүртгэл хийж буй багшид тусалж байгаа. Ингэхдээ тэд хүүхдүүдийг дур мэдэн бүртгэж оруулдаг. Багшид энэ талаар хэлсэн ч нэмэр болсонгүй. Байранд орох найдвар тээн үүдэнд нь олон хоносон ч ахиц гарсангүй. “Ар тал”-тай нь Боловсролын яамнаас яриулж байна гээд шууд орчихдог. Танил талгүйнь үлдэж байна. Хүний өмнө хэн сайн бөхөлзсөн нь амжилтад хүрдэг бололтой. Өөрийнхөө сургуулийн оюутныг багтааж чадахгүй байж бусад сургуулийнхыг ч авч байна. Энэ бүхнээс нь шантарч эхэлсэн учраас өөр сургуулийн байранд орохоор хөөцөлдөж байгаа. Хичээл, ажилдаа явах хэрэгтэй ч шийдвэрийг нь хүлээгээд олон өдөр өнгөрлөө. Орон нутгаас ирээд амьдрах гэргүй болсон олон хүүхэд дэлгүүр, “Шөлөндө” гээд нийтийн үйлчилгээний газруудад хоног төөрүүлж байна” гэсэн юм. Тус сургуулийн оюутны дотуур байрны дөрвөн хүний багтаамжтай өрөөнд амьдрахад нэг оюутан 835 000 төгрөг төлөх юм байна. Хоёр хүний өрөө нь 985 000 төгрөг, үүн дээр нэмээд оюутнуудаас барьцаа болгож жилд 30 000 төгрөг авдаг аж.
НЭГ МИНУТЫН ДОТОР БҮХ ӨРӨӨ ДҮҮРЭВ
МУИС-ийн оюутнууд өнгөрсөн мягмар гаргаас эхлээд сургуулийнхаа системээр өрөөгөө сонгож, тухайн өдрөө дотуур байрандаа орох боломжтой болжээ. Эхний өдөр орон нутгийн харьяалалтай, нэгдүгээр түвшний оюутнууд өрөөгөө сонгосон. Өчигдөр IV, V түвшний оюутнууд сонголтоо хийсэн. Тэдэнд VI байрыг үлдээгээд байсан ч нэгдүгээр түвшнийхэнд байр хүрэлцээгүй аж. Тиймээс VI байрны зарим давхрыг шинэ оюутнуудад нээлттэй болгож. Ингээд дээд түвшнийхэн нь өрөөгүй ч үлдэж мэдэх нөхцөлтэй тулжээ. VI байрыг III, IV, V түвшнийхэнд өчигдөр нээлттэй болгоход нэг минутын дотор бүх өрөө нь дүүрэв. Нэг давхартаа 100 орчим хүүхдийг багтаах хүчин чадалтай аж. Эл байр өмнө нь Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн харьяанд байжээ. Хулгана, бясаа гээд олон төрлийн амьтантай талаар өнгөрсөн жил оюутнууд нь гомдол гаргасан гэнэ. Хана нь цуурсан, дулааны улиралд таазнаас ус гоождог, шалных нь будаг халцарсан, гаднаасаа өнгө үзэмжгүй, хичээлийн байрнуудаас нь хол зайтай зэргээрээ оюутнуудад гологддог юм байна. Гэсэн ч байр хүрэлцээгүй учраас сонгохоос өөр аргагүйд хүрчээ. Тус сургуулийн дотуур байрны ганц асуудал энэ биш аж. II байрыг бүтэн, V байрны хоёрдугаар давхрыг засварлаж дуусаагүй нь оюутнуудад хүндрэл учруулж байна.
Сургууль II байраа засварлахдаа нэг өрөөнд хоёр хүн л амьдрахаар болгож, төлбөрөө нэмээд 2.6 саяд хүргэжээ. Хүрэлцээгүй байрныхаа багтаамжийг илүү багасгасанд оюутнууд гомдолтой байгаагаа илэрхийлсэн ч тусыг олоогүй гэнэ. Зарим оюутан сонгосон өрөөгөө бусдад зарах нь ч хэвийн үзэгдэл болжээ. Тухайн оюутан сонгосон өрөөгөө цуцлахад бусдад нь орох боломж бүрдэнэ. “Хуншгүй зан гаргаж байгаагаа мэдэх ч 100 000, 400 000 төгрөгөөр өрөөний бүртгэлийг цуцална” гэсэн зар дотуур байрных нь цахим бүлгэмд хөвөрсөөр. Сургуулиас нь үүнийг зохицуулах талаар мэдэгдэл гаргасангүй. Дотуур байранд амьдрах суралцагч гэрээ байгуулах ёстой. Эл гэрээг байгуулахад эрүүл мэндийн шинжилгээний хуудсыг заавал бөглүүлэх хэрэгтэй. Уг нь чих, хамар, хоолой, сүрьеэ, БЗХӨ, арьс харшил зэрэг 14 чиглэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлсний дараа тухайн хуудсаа бөглүүлэх учиртай аж. Гэтэл эл бичгийг аймаг, дүүргийн нэгдсэн төв эмнэлгийнхэн 50 000-80 000 төгрөгөөр шууд бөглөөд өгчихдөг “бизнес” ч байдаг гэнэ. Энэ хэмжээний мөнгө төлсөн ч шинжилгээ өгч чаддаггүй. Зөвхөн эмч нарын гарын үсгийг худалдан авахын тулд ийм төлбөр төлж байгаа гэсэн үг. Уг нь ийм шинжилгээний бичгийг шаардах нь халдварт өвчнөөс бусдыг нь хамгаална. Гэтэл шинжилгээ өгөх бус, гарын үсэг худалдаж авдаг болоод байгаад анхаарах хэрэгтэй юмаа.
ЭЦЭГ, ЭХЧҮҮД НЬ ХӨДӨӨНӨӨС ИРЭЭД БАЙРЛАХ БОЛОМЖТОЙ ХЭСЭГ БИЙ
Оюутны дотуур байр заавал дээр дурдсан шиг асуудлуудтай байх албагүй. Суралцагчийн эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангасан, хөгжих боломжийг нь бүрдүүлсэн байдгийг ХААИС-иас харж болно. Тус сургууль оюутны гурван дотуур байртай бөгөөд нийт 800 суралцагч хүлээн авдаг. I байрыг 1958 онд, II-ыг нь1960, III-ыг 2008 онд ашиглалтад оруулжээ. Орон нутгаас ирсэн, дотуур байранд амьдрах хүсэлтэй оюутнууд эхнээсээ төвхнөжээ. Байр бүрд жил бүрийн наймдугаар сард урсгал засвар хийдэг гэнэ. I, II байр нь хуучны барилга тул гаднаасаа, дотроосоо ч өнгө зүс тааруу. Тэдгээрт засвар хийж байгаа бөгөөд хаалгаар нь ороход будагны үнэр ханхийнэ. II байранд бүрэн засвар хийж буй бөгөөд нэгдүгээр давхарт бетон цутгаж, хулдаас дэвсэж байгаа гэнэ. Дотор засвар хийгээд дуу чимээ ихтэй байлаа. Гэр бүл болсон хосуудыг ч байрандаа оруулдаг. Жирэмсэн бол амаржсаны дараа өрөөндөө буцаад ирж болох гэнэ. Мөн өрөө бүрд хогийн сав тавихаар төлөвлөж байгаа гэнэ. Давхар бүрд 2-3 хөлдөөгч бий. Орон нутгаас хотод ирээд буй эцэг, эх нь түр хугацаанд байрлаж болох өрөөтэйгөөрөө ХААИС-ийн байр онцлогтой юм билээ. Мөн байр бүрд байх интернэтийн өрөөнд найман компьютер байрлуулсан аж. Уншлагын заал, чөлөөт цагаа өнгөрүүлэх танхим ч тэнд бий. Шинээр фитнесс заал тохижуулж буй аж. Түүнчлэн суралцагчид өрөөгөө сонгохын өмнө байраа сонирхож болно.
ЭНЭ БАЙДЛАА ХЭЗЭЭ ЗАСАХ ВЭ
ХЭҮК-ын хийсэн “Дээд боловсролын салбарын үйл ажиллагааны хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлан-2024”-т дурдсанаар “Сургуулийн материаллаг баазыг зургаан үзүүлэлтээр үнэллээ. Эдгээр үзүүлэлтээс хангалтгүй буюу дунджаас доогуур үнэлсэн нь дотуур байр болон бие даах өрөө. Мөн судалгаанд оролцогчдын 33 хувь нь дотуур байрны хүрэлцээг мэдэхгүй гэж хариулжээ” хэмээн онцолсон байна. Анкетын судалгаанд нь л гэхэд 1826 оюутан, 387 багш оролцсон аж. ХЭҮК-ынхон “Улсын хэмжээнд түүвэрлэсэн судалгаагаар дотуур байр хамгийн муу гэсэн үнэлгээ авсан. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг шинэчлэх хэрэгтэй” гэсэн байр сууриа УИХ-д танилцуулж байсан. Одоо бол их, дээд сургуулийн дотуур байрыг шинэчлэх шаардлагатай гэж албаныханд хэлээд байгаа” гэсэн юм. Их, дээд сургуулийн дотуур байрнуудыг “нохойн оромж” мэт, хүн амьдарч болмоор гэсэн хоёр хэсэгт хувааж болох юм. Удахгүй нурах нь уу гэмээр хэдэн хуучин барилгадаа оюутан залуусаа “чихсээр” хэдэн жил боллоо. 10 жилийн өмнө их, дээд сургууль төгссөн хүмүүс “Арай ч дээ, одоог хүртэл ийм хэвээрээ байгаа юм уу” хэмээн халаглаж байна. Энэ байдлаа хэзээ өөрчлөх вэ. Оюутны дотуур байр эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэсэн
дүгнэлтийг байнга шахам гаргадаг хэрнээ хэзээ өөрчлөх юм бол. Ихэнх оюутны дотуур байр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид зориулсан налуу замгүй байдаг. Тиймээс нэгнийгээ өргөөд хаалгаар ороход туслах нь нийтлэг жишээ болоод байна. Мөн 100 орчим оюутан нэг угаалгын өрөө ашигладаг. Амралтын өдрүүдэд ажилчид амарч, угаалгын өрөөг цэвэрлээгүйгээс нүд халтирам дүр зураг угтдаг. Ийм олон хүн нэг угаалгын өрөө ашиглаж буй нь олон өвчний үндэс болно.
А.Үүл