Зургадугаар сарын 10-ны өдрөөс наймдугаар сарын 12-ны өдрүүдэд “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааг орон нутагт “ОРЧНОО БҮҮ БОХИРДУУЛ”, нийслэл хотод “ЦЭВЭРЧ ИРГЭН-ЦЭМЦГЭР ХОТ” уриатайгаар зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтарч байгаа аж.
Улмаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аялал жуулчлалаас үүдэлтэй хүрээлэн байгаа орчинд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, ахуйн болон аюултай хог хаягдал, олон нийтийн газар бие зассан, нус цэр шүлс, тамхины иш хаях, бусад төрлийн бохирдол /нүхэн жорлон/-оос сэргийлэх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, дээрх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорив.
Энэ хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллага, иргэдтэй хамтран хяналт шалгалт зохион байгуулж, нийслэлийн ногоон бүс болон хөдөө орон нутгийн аялал жуулчлалын бүсүүдэд ил задгай хог хаягдал хаясан, гудамж талбай олон нийтийн газарт тамхи болон нус цэрээ хаясан, ачаа тээвэрлэх журмыг зөрчин зам талбайд шороо, бетон зуурмаг асгаж бохирдуулсан зэрэг нийт 786 зөрчлийг илрүүлж, арилгах чиглэлээр 19 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, холбогдох төр, захиргааны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл, шаардлага хүргүүлж, зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр ажиллаж байна.
Хяналт шалгалтаар илэрч байгаа зөрчлийн дийлэнх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж автозамын зорчих хэсэгт хог шороо хаясан мөн зуслангийн бүсийн зөвшөөрөгдөөгүй цэгт ахуйн болон барилгын хог хаягдал хаях, олон нийтийн газар нус цэр шүлс, тамхины иш хаях зэрэг сум орон нутгийн угтах цэг /аймаг, сумын хаалга/-үүдэд хог хаягдал ихээр үүссэн, аялал жуулчлалын бүсүүдэд зориулалтын бусаар ил задгай хог хаягдлыг хаясан, Монгол Улсын стандарт МNS 5924:2015 “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага” хангаагүй, Нийслэл хотын дүүрэг, хороодод цаг хугацаандаа ачаагүйн улмаас хур хог хаягдал үүссэн зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж автозамын зорчих хэсэгт хог шороо хаясан мөн зуслангийн бүсийн зөвшөөрөгдөөгүй цэгт ахуйн болон барилгын хог хаягдал хаях, олон нийтийн газар нус цэр шүлс, тамхины иш хаях болон стандартын бус нүхэн жорлонгоос үүдэлтэй хүрээлэн байгаа орчинд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, ахуйн болон аюултай хог хаягдлыг бууруулах ажилд бүх нийтээр хариуцлагатай хандаж, эх үүсвэр дээр нь бууруулах, байгаль орчиндоо ээлтэй хариуцлагатай байхыг Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас уриалж байна.