Энэ оны зургаадугаар сарын 5-8-ны өдрүүдэд Санкт-Петербург хотноо Петербургийн олон улсын эдийн засгийн XXVII форум болж өнгөрлөө. Дэлхийн бизнесийн хамгийн чухал үйл явдлын нэг болох тус форумын нэр хүнд болон ач холбогдол тасралтгүй өссөөр буй. Тодорхой хэлбэл энэ оны (2024 он) Петербургийн олон улсын эдийн засгийн форумд хамгийн их буюу 139 улс, бүс нутгаас 21,800 хүн оролцжээ. Форумын салбар уулзалтуудад олон улсын байгууллага, нэгдлүүдийн тэргүүн, элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, хот, бүс нутгуудийн тэргүүнүүд зэрэг 120 гаруй гадаадын өндөр албан тушаалтан оролцсон байна.
Хамгийн олон төлөөлөгч БНХАУ-аас (192 хүн), Арабын Нэгдсэн Эмират Улс (105 хүн), Зимбабве (86 хүн), Казахстан (84 хүн), Энэтхэг (80 хүн), Оман (75 хүн) зэрэг улсаас хүрэлцэн ирсэн аж. Петербургийн олон улсын эдийн засгийн XXVII форумын гол үйл явдал нь нэгдсэн хуралдаан байсан бөгөөд үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Боливи улсын Ерөнхийлөгч Луис Альберто Арсе Катакора, Зимбабве улсын Ерөнхийлөгч Эммерсон Дамбудзо Мнангагва нар зэрэг улсуудын тэргүүн нар үг хэлэв.
Орос, гадаадын 3550 компани, аж ахуйн нэгж оролцсон уг форумын үеэр нийт 6.4 их наяд гаруй рублийн 980 орчим гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хөгжиж буй орнуудтай эрх тэгш харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал тус форумын хөтөлбөрт чухал байр суурь эзэлсэн аж.
Оросын болон гадаадын зочид төлөөлөгчид Орос-Африкийн “Ус алтнаас үнэтэй” бага хурал, Евроазийн эдийн засгийн холбоо-АСЕАН-ын хуралдаан, Азербайжан, Бразил, Венесуэл, Энэтхэг, Казахстан, Хятад, Киргизстан, Оман, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Африк, Латин Америкийн орнууд зэрэг улсын төлөөлөгчидтэй хийсэн бизнесийн яриа хэлэлцээ зэрэг арга хэмжээнд идэвхтэй оролцов.