УУХҮЯ-наас гаргасан статистикаас харахад нийт экспорт 2024 оны эхний гурван сарын байдлаар 3,658.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 105.2 сая ам.доллар буюу 2.8 хувиар буурлаа. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 3,493.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 16.4 сая ам.доллар буюу 0.5 хувиар буурсан байна. 2023 онд тонн нүүрсийг 162.8 ам.доллараар худалдаж байсан бол 2024 онд 125.3 ам.доллараар зарж буй. Улмаар нүүрсний үнэ 23 хувиар буурчээ. Мөн цайрын баяжмал 24.8, молибдены баяжмал 33.3 хувиар үнэ нь унав.
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 95.5 хувийг эзэлж байна.
Тодруулбал, дээрх хугацаанд 2,233.7 сая ам.долларын 18,133.6 мян.тн чулуун нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 35.7 сая ам.доллар буюу 1.6 хувиар буурсан ч, биет хэмжээгээр 3,990.8 мян.тн буюу 28.2 хувиар өссөн байна. Чулуун нүүрсний 100.0 хувь БНХАУ руу экспортолсон байна.