“Монголын эдийн засгийн чуулган” 2024 оны долдугаар сарын 8,9-ний өдрүүдэд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно. Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхэлнэ. Энэ жилийн чуулганы нэгдсэн хуралдааны онцлох зочноор CNN телевизийн сэтгүүлч Ричард Остин Квест уригдан оролцохоор болсон байна. Түүний хувьд Монголын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдааны модератороор ажиллах юм. Олон улсын бизнесийн сэтгүүлч, “Quest Means Business” нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Квест нь 2023 оны наймдугаар сард манай улсад “Монголд зочлох жил”-ийн хүрээнд саатаж, Монголын талаар олон улсад сонирхолтой мэдээ мэдээлэл бэлтгэж байсан билээ.
Монголын эдийн засгийн чуулган Ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, Хот байгуулалт, архитектур, Эрчимжсэн хөдөө аж ахуй, Аялал жуулчлал, Бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, Санхүү, хөрөнгийн зах зээл, Цахим эдийн засаг, Уул уурхай-Хүнд үйлдвэрлэл, Шинжлэх ухаан-Технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдаанууд нэгэн зэрэг зохион байгуулагдах юм. Эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын 2000 гаруй зочид, төлөөлөгчид урьдчилсан байдлаар оролцохоор байна.