Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин-Вон, БНСУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жүн-Сонг нартай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги”-ийг хөгжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Нарийнсухайт-Даланзадгад-Тавантолгой чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төмөр замын бүтээн байгуулалтын санхүүгийн загвар, удирдлагын схем боловсруулах, Монгол Улсын логистикийн хөгжлийн стратеги болон бодлогыг хөгжүүлэх баримт бичгийн боловсруулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран Солонгосын Төмөр замын корпорац (КORAIL), Тээврийн хүрээлэн (KOTI), Юушин Инженеринг Корпорац (Yooshin), Гео Шинжлэх Ухаан ба Эрдэс баялгийн нөөцийн хүрээлэн (KIGAM)-байгууллагууд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж. Мөн КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын удирдлага, хяналтыг сайжруулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж буй. Энэхүү төсөл нь Монгол Улсад өрнөж буй төмөр замын их бүтээн байгуулалттай уялдан цаашид төмөр замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн системийг хөгжүүлэх, хяналтын системийг сайжруулахыг зорьжээ.
Элчин сайд Чой Жин-Воны зүгээс хоёр улсын төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЗТХЯ