Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”- ийн тэмцээнд энэ жил олон баг оролцож буйгаараа онцлог. Тэмцээнд эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн есөн баг тойргоор өрсөлдөж байна. Лигт өнгөлж тоглох багуудаас аль нь цойлж, түрүүлэх нь одоогоор тодорхойгүй. Тэмцээний явцад сайн тоглосон нь шигшээд үлдэж, медалийн төлөө гал гартал үзэлцэх биз ээ. Эмэгтэйчүүдээс хэд хоногийн өмнө болж өндөрлөсөн залуучуудын УАШТ-ий аваргын цомыг найм дахь удаагаа өргөсөн “Энагура”, өнгөрсөн жилийн лигийн аваргаар тодорсон “Хилчин” багийнхан өнгөлж тоглох нь дамжиггүй. Хоёр багийн гол өрсөлдөгч нь шинээр тоос өргөж буй, залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль гардсан “Улаанбаатар”, хууччуудаас “Хобби эйс”, “Уурхайчин”, “Тэнүүн-Огоо”- гийн тоглогчид. Анх удаа, эсвэл хоёр дахиа оролцож байгаа багуудыг ч басаж болохгүй. Өнгөрсөн жилийн тэмцээнд “Хөвсгөл шинэ үе”-ийн охид “Энагура”-гийнхнийг хожиж, багагүй сандаргасан. Бүр гурван удаа түрүүлсэн аваргуудыг 3:0-ээр буулган авч шуугиан тарьсан билээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн багуудаас “Хасу мега старс”, “Хилчин Алтайн барс”-ынхан мөн лигийн тоглолтыг өнгөлнө. Тэдэнтэй олон жил тоглосон туршлагатай “Эрчим-БВТ”, мөн залуучуудын УАШТ-ээс анх удаа аваргын цом өргөсөн “Баянхонгор”, хүрэл медаль хүртсэн “Минжит булган” багийнхан ч ана мана өрсөлдөж таарна. Учир нь олонх баг легионер урьж тоглуулдаг. “Эрчим-БВТ”, “Хөвсгөл эрчим” багийнхантай нэгдэх легионер тоглогчид хэдийн ирсэн. Тэднээс “Үндэсний дээд лиг”-т цахиур хагалсан сонирхолтой тоглолт, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн ширүүхэн өрсөлдөөн, олныг цэнхэр дэлгэцийн өмнө уясан дуулиан шуугианыг олж харах нь лавтай.