БНХАУ-ын Ухань хотод 2017 онд дэлхийн хамгийн аюултай вирус тэр дундаа SARS,Эбола зэргийг судлах зориулалтаар биологийн лаборатори нээсэн аж. Хятадын эрх баригчид 2002-2003 онд SARS-ийн тархалт гарсны дараа өндөр технологийн лабораторийг байгуулахаар шийдсэн аж. Уг лабораторид аюулгүй байдлын хамгийн дээд буюу дөрөвдүгээр төвшнийг өгсөн байна.Дэлхий дээр аюулгүй байдлын дөрөвдүгээр төвшний судалгааны лаборатори тун цөөхөн байдаг. Уханийн вирус судлалын лаборатори Хятад улсад энэ төвшний цорын ганц байгууллага нь аж. Хэрэв цөмийн туршилтыг хянадаг бол энэ төвшний биологийн туршилт тийм боломжгүй аж. Иймэрхүү эрдэм шинжилгээний байгууллага дахь хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны арга хэмжээ нь дээд зэргийн хатуу дэглэмтэй байдаг. Судлаачид лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглахаас өмнө болон дараа нь хувцсаа сольж, ариутгагч шүршүүрт орох шаардлагатай болдог. Мөн ажилчдыг лабораторид зөвхөн цэвэр агаараар хангагдсан битүүмжилсэн тусгай хувцастай оруулах ёстой.Уханийн лабораторийг нээгдэх гэж байхад олон улсын эрдэмтэд уг байгууллагаас үхлийн вирус “гадагшлах” аюултайг анхааруулж байжээ. Тухайлбал АНУ-ын Мэриленд мужийн био аюулгүй байдлын зөвлөх Тим Треван Уханийн лабораторийн талаар “Nature” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Хятадын соёл уг лабораторийг хангалттай аюулгүй байлгаж чадахгүй хэмээн сэтгэл зовниж байгаагаа хэлжээ. Учир нь үүнд “хүн болгон чөлөөтэй ярьж чаддаг, нээлттэй мэдээлэлтэй тогтолцоо нэн чухал” гэсэн байна. Тус сэтгүүлд бичсэнээр бол Уханийн лаборатори шинэ төрлийн коронавирусын анхны голомт гэгдэж байгаа далайн хүнсний захаас 30 орчим км зайд оршдог гэнэ. Мөн 2018 онд уг лаборатори сарьсан багваахайгаас дамждаг коронавирусийг (40 төрлийн аль нь байсныг дурдаагүй байна) судалж байжээ.Тус лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Жоу Пэнээр ахлуулсан судалгааны баг сарьсан багваахай яагаад өөрөө өвчлөлгүй коронавирусийн тээгч болдог, мөн хүний бие махбод энэхүү вирусийг эсэргүүцэх боломж байгаа эсэхийг судалж байсан аж. Туршилтыг гахайнууд дээр хийдэг байсан бөгөөд хүнд хэлбэрийн коронавирус нь суулгалт үүсгэж эцэст нь үхэлд хүргэж байжээ. Жоу Пэн хожим өөрийн эл дүгнэлт, ажиглалтаа тус сэтгүүлд нийтэлсэн байжээ. Барууны зарим хэвлэл сайтуудад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дунд Уханийн лабораторийн ажилтан Жоу Пэнийн ахалсан судалгааны баг бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан гэсэн мэдээлэл гарсан байна. Үүнээс гадна Израилийн тагнуулын офицер Дани Шохам Хятадын 40 гаруй судалгааны хүрээлэн тэр дундаа Уханийн лаборатори биологийн зэвсэг бүтээх төрийн хөтөлбөрт оролцдог гэж мэдэгдэл хийж шуугиан тарьжээ. “Уханийн лабораторийн туршилтууд бүтэлгүйтэж эсвэл аль нэг ажилтан алдаа гаргаж аюулт “тахал” алдагдсан байж болох юм” гэж Шохам ярьжээ.