Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөрийн хуралдаанаар коронавирусийн халдвартай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлажээ.
Энэ талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем “Хятад улсын бус бусад улс орны нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа. Уг вирусний халдвар эрүүл мэндийн тогтоцоо сул орнуудад тархаж болзошгүйд санаа зовниж байна” хэмээн мэдэгджээ.
Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар коронавирусийн халдварын 9692 орчим тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 213 хүн нас баржээ.
ДЭМБ олон улсын хэмжээний онц байдлыг өмнө нь таван удаа тогтоож байжээ. Үүнд 2009 онд гахайн ханиад, 2014 онд Полио вирус, 2016 онд Зика вирус, 2014, 2019 онд Эбола вирусийн дэгдэлтийн үеэр тус тус онц байдал зарлаж байжээ.