Хятадад аялаагүй хүн коронавирусээр өвчилсөн анхны тохиолдол Японд бүртгэгджээ. Энэ тухай Kyodo агентлаг Эрүүл мэндийн яамны эх сурвалжийг дурдан өнөөдөр мэдээлэв. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Кацунобу Като хэлэхдээ, халдварын шинэ тохиолдол Хятадаас саяхан ирсэн хүмүүст хамааралгүй гэжээ. NHK агентлагийн мэдээлснээр өвчтөн Нара мужид амьдардаг автобусны жолооч 60 настай япон эр аж. Тэрбээр энэ сарын эхээр Ухан хотоос ирсэн жуулчдыг автобусаараа зөөсөн нь тогтоогджээ. Японд анхны коронавирусын халдварын тохиолдол энэ сарын 16-нд бүртгэгдсэн юм. Тэгэхэд вирусыг Уханиас ирсэн Японы иргэн авчирсан аж. Дээрх мэдэгдлийн дараа Япон улс өөрсдийн иргэдээ Ухан хотоос нүүлгэн шилжүүлэх ажлаа эхлүүлж буйгаа зарлажээ.