Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд тавьсан байдаг.
Энэ дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг дэд хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ санал нэгтэйгээр дэмжлээ.
Түүнийг мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар ам нээсэн нь "мөрдөн байцаалтын нууц задруулсан" гэж үзжээ.
Шийдвэрийг танилцуулах үеэр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж ярихдаа "Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг Хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, дараа нь УИХ-д танилцуулна.
Сүүлийн үед Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон янз бүрийн хэл ам их байна. Мөн УИХ-ын гишүүний албан тушаал нь түүнийг шалгахад саад болж байгаа гэх яриа гадуур их гарах болжээ. Тиймээс албан тушаалыг нь түдгэлзүүлж байгаад шалгуулаад нэрээ цэвэрлэх нь зүйтэй гэж Халдашгүй байдлын дэд хороо үзсэн" гэлээ.