Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусийн талаар хоёр өдөр хуралдсаны эцэст онц байдал зарлах нь одоогоор эрт байна гэж мэдэгджээ. “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусийн аюулын зэргийг үнэлэх ажлаа үргэлжлүүлж байна” хэмээн тус байгууллагын Ерөнхий захирал Тедрос Гебреисус мэдэгдсэн байна. Түүний хэлснээр “Энэ нь Хятад улсын хувьд онцгой байдал, гэхдээ дэлхийн эрүүл мэндэд ноцтой асуудал болж магадгүй боловч одоохондоо ийм хэмжээнд тулаагүй байгаа” аж. Уг вирус Хятадын Ухань хотод анх илэрсэн бөгөөд одоогийн байдлаар тус улсын хэд хэдэн хотод тархахаас гадна Тайланд, Өмнөд Солонгос, Австрали, Япон, Тайвань,АНУ, Сингапур, Вьетнам, Саудын Араб зэрэг орнуудад бүртгэгджээ. Эдгээр улсад өвчилсөн хүмүүс нь нэг бол Хятал иргэд эсвэл Хятад улсад зорчсон хүмүүс байжээ. Халдвар авсан нийт хүний тоо сүүлийн байдлаар 830 хүрсэн бөгөөд 25 хүн нас бараад байна. ДЭМБ-ын Онцгой байдлын хорооноос Хятад улсад коронавирус тархах эрсдэлийг бууруулахад авж буй арга хэмжээнийхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, тус улсад шинэ тохиолдлуудыг илрүүлэхэд нэмэлт хүчин чармайлт гаргах, тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллах, өвчний бүх тохиолдлын талаар мэдээлэл өгөх, нисэх онгоцны буудлуудад үзлэгт хамруулах ажлыг үргэлжлүүлэхийг зөвлөсөн байна.Өчигдөр Хятадын эрх баригчид Ухань хотоос гадна Хубэй мужийн долоон хотод хөл хорио тогтоож, хүмүүсийн гадагшаа урсгалыг хориглосон байна.