"Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүнд ажлын өрөөний тавилга, эд хогшлоо хураалгахыг удаа дараа шаардаж буй. Тэрбээр Г.Билгүүнийг 51.6 сая төгрөгөөр ажлын өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгийн авлига авсан хэмээн мэдээлсэн.
Мөн өчигдөр Б.Мөнхцэлмэг ХЗДХЯ-ны байран дээр ирж Г.Билгүүний өрөөг харах гэтэл цагдаагийн алба хаагчид түүнийг баривчилсан. Түүнийг "төрийн тусгай хамгаалалттай газар танхайрсан, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэгүй" гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст авчран мэдүүлэг аваад суллажээ.
Тэгвэл өнөөдөр Б.Мөнхцэлмэг дахин ХЗДХЯ-ны үүдэнд ирж лайв хийн, бас нэгэн баримт дэлгэлээ. Тодруулбал, "ХЗДХЯ-ны удирдлагууд 71,5 сая төгрөгөөр хөшиг, 46,4 сая төгрөгөөр хурлын чанга яригч худалдаж авсан. Үүгээр зогсохгүй, 117,9 сая төгрөгөөр хоёр жижиг танхимд засвар хийж тохижуулсан байна" гэв. Тэрбээр энэхүү мэдээллийг тус яамны шилэн данснаас авчээ.
Мөн өчигдөр Г.Билгүүний өрөөг зөвшөөрөлгүйгээр харах гэж байгаад баривчлагдсан бол энэ удаад хүсэлтээ өгч харахаар болжээ. Түүний хүсэлтийг яамныхан хүлээн авлаа.
Ирэх долоо хоногт "Бид уучлахгүй" хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн жагсаал цуглаан хийнэ хэмээн Б.Мөнхцэлмэг лайвны үеэр дурдлаа.