УИХ-ын дэд дарга, Зам тээврийн сайд асан Г.Батхүү өнгөрсөн оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд зуурдаар нас барсан. Өнгөрсөн найман сарын хугацаанд талийгаачийн ар гэрийнхэн чимээгүй байсан. Тэгвэл өнөөдөр талийгаачийн гэр бүлийнхэн анх удаа олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч Ж.Батхуяг: Талийгаач амиа алдаад найман сарын хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй байна. Сошиал орчинд талийгаачийг гадны нөлөөгүй амиа алдсан гэж олон удаа мэдээлэгдсэн. Энэ мэдээлэлд бид хэсэгтээ чимээгүй, тэвчээртэй хандсан.
Гэвч сүүлийн үед хэргийн талаар улс төржүүлэх, улс төрийн зорилгоор ашиглах нь дэндэж байна.
Нэгдүгээрт, Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Дүгнэлтэд талийгаачийн баруун нүдэнд хөхрөлт хавдалт үүссэн нь тогтоогдсон. Задлан шинжилгээгээр хүзүүний зүүн талд улайлт үүссэн нь тогтоогдсон. Мөн гэмтлийн гаралтай цус харвалт үүссэн байна.
Хоёрдугаарт, нэр бүхий УИХ-ын гишүүнээс полиграфын тест авсан. Дүгнэлтээр гишүүн нь “асуусан асууултад хариулахдаа гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр” гэж гарсан.
Гуравдугаарт, гар утсыг хурааж аваад шинжилгээ хийгээд буцааж өгсөн. Гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Үйлдвэрийн анхны тохиргоон дээрээ байсан. Шинжилгээн дээр ч ямар ч мэдээлэл байгаагүй, сэргээх боломжгүй гэсэн.
Дөрөвдүгээрт, ар гэр рүү нэр хүний этгээд мессеж бичсэн. Надад 13 секундын бичлэг бий. Тэр хүнийг тогтоосон. Гэтэл тэр хүн энэ хэргийг мэдэхгүй гээд өөр хэрэг дээр шалгагдаж байгаа юм байна лээ.
Задлан шинжилгээ хийхийн өмнө талийгаачийг рентген зурагт оруулъя гэхэд шүүх эмнэлэг хүлээж аваагүй. Шинжилгээг дутуу хийсэн. Оношийг буруу тавьсан зэрэг олон асуудал байна.
Цагдаагийн байгууллага гар утсан дээр шинжээч томилохдоо хурууны хээ байна уу гэдгийг тогтоох ёстой. Гэтэл үүнээс өмнө дотор нь юу байна вэ гэдгийг шалгах гээд явсан. Хийх ажлын дарааллыг зөрчсөн. Иймэрхүү мөрдөн шалгах ажиллагааны талаар олон асуудал эргэлзээ төрүүлж байна.
Г.Батхүү агсны ууган хүү Б.Ганхүлэг: Хэрэг болсноос хойш 8 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид маш тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд их хүндхэн өдрүүд өнгөрч байна. Өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр бол манай гэр бүлийнхний хувьд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Цоо эрүүл саруул аав маань тэр өдөр гэрээсээ гараад явсан. Гэтэл ажлын цагаар төрийн тусгай хамгаалалттай ордонд нас барсан гэсэн мэдээ ирсэн.
Бид энэ хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж байна. Аавын маань баруун нүд маш том хөхөрч хавдсан байсан. Гэтэл аав маань газарт унахдаа зүүн талын нүдээрээ унасан. Хүзүүн дээр үүссэн улайлт нь заамдалтын улмаас үүссэн байсан.
Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ? Өнөөдөр Монголд амьд явах баталгаа алга. Монголчууд цаашдаа яаж амьдрах вэ? Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн учир битүүлгээр амь насаа алдсан байна. Гэтэл гудамжинд алхаж яваа жирийн нэг иргэнд ийм зүйл тохиолдвол яах вэ?
Монгол Улс төртэй, шүүх засаглалтай улс. Хуулийн байгууллага аавын маань хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Г.Батхүү агсаны охин Б.Цэлмэг: Бид аавыгаа маш их санаж байна. Маш их үгүйлж байна. Эмээ өвөө маань өдөр бүр аавын маань зурагны урд олон цаг сууж зальбарч байна. Ээж маань насаараа ханилсан ханиа алдаж, дөрвөн настай дүү маань аавыгаа нэхээд хоолноос гарлаа. Орой бүр гэртээ ороод ирэх юм шиг санагдаж байна.
Бид аавынхаа амийг нэхэж, шударга ёсны төлөө тэмцэх болно.