Шинэ төрлийн уушгины хатгалгаа буюу коронавирус хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо Даваа гарагт /2020.01.20/ нотоллоо. Өнгөрсөн оны 12-р сарын сүүлээр Хятадын Үхань хотод илэрсэн уг вирус Азийн гурван улсад (Өмнөд Солонгос, Япон, Тайланд) илэрсэн юм. Өчигдрийн байдлаар коронавирусээр халдварласан хүний нийт тоо 218 хүрч, тэднээс 4 хүн нас бараад байна. Уг шинэ төрлийн вирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй байгаа нь аюул дагуулж байна. SARS-ын халдвараар 2002-2003 онд Хятад, Хонг Конгт нийтдээ 650 орчим хүн амиа алдаж байв. Үүнтэй холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага яаралтай хуралдаан зарлажээ. Тус байгууллагын удирдах зөвлөл маргааш буюу Лхагва гарагт Женев хотод хуралдаж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах үгүйг шийдэх аж. Ийм онц байдлыг өмнө нь гахайн ханиад, Эбола, Зика вирусны тархалтын үед зарлаж байжээ.