АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад итгэл үзүүлэх эсэх ажиллагаа эхэллээ. Энэ тухай Reuters агентлаг мэдээлэв. Энэ ажиллагаанд шүүгчийн үүрэг гүйцэтгэх, АНУ-ын Дээд шүүхийн тэргүүн Жон Робертс, тангарагтны шүүгчдийн үүрэг гүйцэтгэх сенатчид өчигдөр буюу Пүрэв гарагт /2020.01.16/ тангараг өргөжээ. Итгэл үзүүлэх эсэх ажиллагаанд конгрессын гишүүдийн бүлэг яллагч талаар оролцох аж. Өмнө нь Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намынхан Ерөнхийлөгч Дональд Трампын импичментийг зарлах хүрээнд түүнийг буруутгасан дүгнэлтийг Сенатад дамжуулсан бөгөөд дүгнэлтийг Пүрэв гарагийн орой авч хэлэлцэх талаар мэдээлсэн юм. АВС агентлагийн мэдээлснээр, Доод танхимын спикер Нэнси Пелоси Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан болон Конгресыын хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд саад болсон гэсэн хоёр үндэслэлээр буруутгасан дүгнэлтэд гарын үсэг зуржээ. АНУ-ын Ерөнхийлөгчийг огцруулахын тулд Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёрынх нь санал /дор хаяж 67 санал/ шаардлагатай. Бүгд найрамдах намын гишүүд Сенатын танхимд олонхын суудалд эзэлдэг учраас Д.Трампыг огцруулах магадлал бараг тэг хувьтай тэнцэх ажээ.