Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сард цалин, тэтгэврийг 8 хувь нэмэхээр болов. Үүгээр ч зогсохгүй ҮАБЗ-ийн зөвлөмжөөр тэтгэврийн зээлийг тэглэж ахмадуудынхаа магнайг тэнийлгэв. Гэхдээ цалин, халамж нэмэгдсэнээр амьдрал сайхан болчихдоггүй. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь бичигдээгүй хууль.
Үнийн асуудлаар иргэдийн ШӨХТГ-т хаягладаг гомдлуудаас хамгийн их жин дардаг нь сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой байдаг. Лангуу болон кассын үнийн зөрүүгээс гадна давамгай байдлаараа далимдуулаад 20-30 хувийн ашиг олдгийг О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа хэлж байв.
Тэрбээр “Үйлдвэрлэгчид 5, импортлогчид 10 хувийн ашгийн төлөө ажиллаж байхад сүлжээ дэлгүүрүүд давамгай байдлаа ашиглаж, 20-30 хувийн ашиг нэмж байна. Эцсийн үр дүнд иргэд хохирч байна” гэж байсан удаатай. Тухайн үед ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Номин”, “Миний сүлжээ”, “Макс”, “Замбалай”, “Оргил” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийхэд лангуун дээрх үнэ кассын үнэтэй зөрсөн зөрчил илэрсэн гэдгийг мэдээлж байсан удаатай.
Тэгвэл "Номин", "Скай", "Оргил" зэрэг дэлгүүрүүд нь "М Си Эс Кока кола" компанитай үгсэн тохиролцож шингэн хүнсний бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоодог гэх гомдол ШӨХТГ-т ирснийг хэвлэлүүд мэдээлсэн байдаг.
Тодруулбал, “М Си Эс Кока кола” компани ундаа, ус, шүүсний жижиглэнгийн үнийг сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээгээр тохиролцсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Өөрөөр хэлбэл, тус компани дээрх нэр бүхий компаниудтай худалдаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулахдаа ундаа, ус, шүүс зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн саналыг дээрх супермаркетуудад санал болгож, дагаж мөрдөхөөр гэрээ байгуулсан юм.
Мөн "М Си Эс" нь “Скай хайпер маркет”-тай "сүлжээ дэлгүүрийн худалдаа эрхэлж буй бусад дэлгүүрт бараа бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр нийлүүлэхгүй" байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байжээ. Үүнийг энгийнээр тайлбарлавал "Манайд өгсөн үнээрээ бусад газарт өгөхгүй байгаарай, үнэтэй нийлүүлээрэй" гэсэн санаа бүхий гэрээ юм.
Дээрх хууль зөрчсөн компаниудад 11 саяас 1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан гэж ШӨХТГ мэдээлсэн. Тухайн компаниуд нь өдгөө торгуулиа бүрэн барагдуулсан гэх хэдий ч цаашид энэ байдал дахин давтагдахыг үгүйсгэхийн аргагүй.
Үйлдвэрлэл эрхлэгчид сүлжээ дэлгүүрээр худалдаалж байгаа бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож гэрээ хэлэлцээ байгуулах, нэг үнээр борлуулахыг Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулиар хориглосон байдаг юм.