Украины олон улсын зорчигч тээврийн Боинг- 737-800 нисэх онгоцыг санамсаргүй сөнөөсөн гэж Ираны тал мэдэгджээ. Энэ тухай Ираны зэвсэгт хүчний жанжин штаб мэдэгдсэнийг ISNA агентлаг уламжлав. "Хүний санаандгүй алдааны улмаас онгоцыг санамсаргүйгээр буудаж манай бол гадаадын иргэдийн аминд хүрлээ" гэж мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн мэдэгдэлд “онгоц Исламын хувьсгалт гвардийн чухал байгууламжуудын ойролцоо нисэж таарч, хэлбэр нислэгийн өндрөөрөө дайсны онгоцтой адилхан байсан" гэж тэмдэглэжээ. Эл мэдэгдлийн дараа тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухани холбогдох мэдэгдэл хийсэн байна. Тэрээр аймшигт сүйрэл авчирсан алдаа гаргасандаа Иран улс гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож шийтгэл оноохоо амлажээ. "Ослын бүх шалтгааныг олж тогтоож энэхүү өршөөлгүй алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцохын тулд бид мөрдөн шалгах ажиллагааг дуусгах ёстой. Би хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэж түүний хэлснийг ерөнхийлөгчийн хэвлэлийн алба иш татав.
Мөн Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф “Украины онгоц осолдсон шалтгаан нь АНУ-ын балмад явдлын улмаас үүссэн хямралын үеэр гаргасан хүний алдаа байсан” гэж өөрийн мэдэгдэлдээ онцолжээ. Тэрбээр Ираны ард түмэнд болон амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, уучлал хүссэн байна.