"Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай" хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ талаар анх ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж, Ерөнхийлөгч Х.Баттулга нийтэд мэдээлсэн билээ. Хуулийн төслийг УИХ-д суудалтай МАН, АН, МАХН намууд бүгд дэмжиж байгаагаа мэдэгдсэн.
Өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар ахмадуудын зээл авсан мөнгөн дүнг ангилж үзвэл:
224 мянган ахмад настан 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Үүнд 1-2 сая төгрөгийн зээлтэй 33,903 ахмад байгаа бол 5-6 сая төгрөгийн зээлтэй 22,174 ахмад байна. 10-15 сая төгрөгийн зээлтэй 10,822 ахмад байгаа бол 20 саяас дээш төгрөгийн зээлтэй 1,416 ахмад настан байгаа аж.
Зарим эх сурвалжид "тэтгэвэр тэглэх мэдээлэл задарч, зөвхөн 12 сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл гарсан" гэх мэдээлэл байна.
Уг асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Засгийн газрын хуралдаанаар оны өмнөхөн энэ асуудлыг нууцаар хуралдсан. Зөвлөмж арванхоёрдугаар сарын 18-нд гарсан юм билээ. Тэгэхээр мэдээлэл алдагдах хугацаа болоогүй гэж харж байгаа. ХААН болон Төрийн банкнаас гарсан тоон мэдээллээс харахад сард 25 гаруй мянган иргэн 40-50 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авдаг юм билээ. Долдугаар сараас хойших тоо хэвийн байна лээ. Жилийн эцсийн тоог харахад тэтгэврийн зээлийн үлдэгдэл өмнөх сараас 17 тэрбум төгрөгөөр буурсан гарсан. ҮАБЗ-өөс 2019 оны арванхоёрдугаар сарын 18-нд зөвлөмж гарсан. Үүнээс хойш 6300 иргэн 15 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. Нийт тэтгэврийн 95 хувийг Хаанбанк, Төрийн банкнаас авч байгаа” гэсэн хариулт өглөө.