Ирак дахь Америкийн цэргийн баазад Иран пуужингийн цохилт өгсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр албан ёсны мэдэгдлээ хийжээ. Тэрбээр хэлэхдээ Ираны халдлагын үеэр АНУ-ын нэг ч иргэн амь үрэгдээгүй бөгөөд хохирол бараг гараагүй тул Америк улс Ираны эсрэг байлдааны ажиллагаа явуулах хүсэлгүй байна гэжээ. Харин Ираны эсрэг эдийн засгийн нэмэлт хатуу арга хэмжээ авах болсноо мэдэгдсэн байна. “Эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээг нэн даруй авах бөгөөд хугацааны хувьд Ираныг байр сууриа өөрчлөх хүртэл үргэлжлэх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. Мөн Трамп өөрийг нь ерөнхийлөгч байх хугацаанд "Иран улс цөмийн зэвсэгтэй болохгүй" гэв. Мэдэгдлийнхээ үеэр Трамп генерал Сулейманийн аллагын талаар эргэн ярихдаа “ Бид Ираны удирдлагад тодорхой дохио өгсөн” бөгөөд Селейманийн “гар цусанд будагдсан байсан” тул “түүнийг аль эрт устгах ёстой байсан юм” гэсэн байна. Мөн тэрбээр Герман, Франц, Их Британи болон Орос, Хятадыг “Иранд хөгжил цэцэглэлт аврахын тулд” тохиролцоонд хүрч хамтран ажиллахыг уриалжээ. Лхагва гарагийн /2020.01.08/ үүрээр Иран Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр баазад пуужингийн цохилт өгсөн юм. Ираны талын мэдэгдсэнээр цохилтод 80 гаруй Америк цэрэг алагдаж, олон зэр зэвсэг, түүний дотор байлдааны хэдэн онгоц устгагдсан ажээ.