Өчигдөр буюу Ням гарагт /2020.01.05/ Ираны засгийн газар Дэлхийн томоохон улс орнуудтай 2015 онд байгуулсан цөмийн гэрээгээр тогтоосон уран баяжуулах хязгаарыг хэрэгсэхгүй болгож байгаагаа мэдэгджээ. Тус улсын эрх баригчид цөмийн эрчим хүчний асуудлаар IAEA –тай (Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг) хамтран ажилласан хэвээр байх боловч гэрээгээр хүлээсэн хязгаарлалтаа цуцалж, өөрийн хэрэгцээнд тулгуурлан уран баяжуулалтаа нэмэгдүүлэхээр болсон байна. Гэрээний хязгаарлалтыг зөвхөн АНУ-ын талаас тавьсан хоригууд цуцлагдсан тохиолдолд эргээд мөрдөх боломжтойгоо Ираны тал мэдэгджээ. Өнгөрсөн Баасан гарагт /2020.01.03/ Иракийн нийслэл Багдад хотын орчим АНУ-ын өгсөн агаарын цохилтын үеэр Ираны генерал Касем Сулейман амиа алдсанаас хойш Америк-Ираны хурцадмал байдал ийнхүү улам даамжирчээ. Ираны засгийн газрын дээрх шийдвэртэй холбогдуулан Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар Ираныг цөмийн гэрээнд нийцээгүй үйлдлээсээ татгалзахыг уриалсан байна.