Засгийн газраас Монгол Улсад бүртгэлтэй уул уурхайн 2889 тусгай зөвшөөрөлд шалгалт хийжээ. Энэхүү шалгалтыг 100 хоногийн турш явуулж, Засгийн газраас шийдвэр гаргасан хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин ярив.
Тэрбээр "Өнөөдөр Монголд 2889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүний 1225 нь хайгуулын тусгай зөвшөөрөл бөгөөд үлдсэн 1664 нь нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Эдгээр тусгай зөвшөөрөлүүдийг стандартын дагуу ашигласан уу гэдгийг Засгийн газар шалгасан юм. Шалгалтаар зарим аж ахуй нэгжүүд зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Тэдгээрт зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгсөн. Хэрэв тэр хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь шууд цуцлах арга хэмжээ авна.
Бид зөвшөөрөл өгөөд л байснаас хяналт тавьж чадсангүй. Орон нутгийн удирдлагууд хууль бус үйл ажиллагаа нь өөгшүүлсэн, хуйвалдсан, олз ашгаа хуваадаг байсан нь шалгалтаар илэрч байна. Ямар ч нэгдсэн мэдээлэл байхгүй байсан учраас ийм байдалд хүрсэн байна. Иймд бүх тусгай зөвшөөрлүүдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгохоор боллоо.
Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг яаралтай оруулж ирэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт үүрэгт болголоо.
Түүнчлэн ашигт малтмалын салбарт бий болсон замбараагүй байдлыг цэгцлэх үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Ойролцоогоор жилийн хугацаанд түдгэлзүүлэх байх" гэлээ.