СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль үндэсний хөгжмөөр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ой болж байна. 1989 оноос хойш тус мэргэжлээр нийт 570 гаруй хүн төгссөн аж. Үндсэн таван хөгжим болох хуучир, шударга, ёочин, морин хуур, лимбэ, үүн дээр нэмээд ятга, их хуур, зэрэг хөгжмийн зэмсгийн хичээлийг заадаг байна. Мөн судалгаанд суурлин эвэр бүрээ, дөрвөн утаст хуур, хурган чихт гэх мэт хөгжмийн зэмсгийг сэргээн олон нийтэд таниулан сурталчилжээ.
СУИС-ийн багш профессор, доктор Ж.Чулуунцэцэг “Бид 30 жилийн хугацаанд олон зүйл хийсэн. Сургалтын хөтөлбөрөө дөрвөн удаа шинэчилсэн. Хамгийн сүүлд буюу 2019 онд Олон улсын төвшинд зөвшөөрөгдсөн үр дүнд суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр бид 30 жилийн хугацаанд хийсэн бүтээснээ тайлагнах тоглолтоо хийх гэж байна. Уг үйл ажиллагаанд манай сургуулийн үе үеийн төгссөгчид оролцоно” гэв.