Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү агсаны хэрэгтэй холбоотой гэж зарим хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлсэн. Г.Батхүү агсан нас барахынхаа өмнө түүний өрөөнд хэсэг саатаад гарсан. Дараа нь нас барах үед нь хамт байсан гэдгээр нь цагдаагийн байгууллага Н.Номтойбаяраас хэд хэдэн удаа гэрчийн мэдүүлэг авсан юм. Энэ талаар тэрбээр тайлбар өглөө.
"Г.Батхүү агсаны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Харин гэрчийн мэдүүлгээ худал өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Цагдаа нар намайг Г.Батхүү агсантай хамт өрөөндөө архи уусан гэж үзээд байгаа юм. Бид хоёр огт архи уусан зүйл байхгүй гэдгийг дахин мэдэгдэж байна" хэмээсэн юм.
Тэрбээр талийгаачтай хамт өрөөнд байхдаа нэг шил архи задалсан нь үнэн. Гэхдээ түүнээсээ огт амсаагүй, харин нэг арга хэмжээг хамтарч зохион байгуулах талаар ярилцсан гэв.
Мөн тэрбээр цааш ярихдаа "Энэ оны тавдугаар сараас хойш нийтдээ 22 хэвлэл мэдээллийн байгууллага, 195 IP хаягаас 500 удаа намайг энэ хэрэгт холбоотой гэж гүтгэсэн. Зөвхөн хэвлэлээр намайг гүтгээд байгаа болохоос биш хууль хяналтын байгууллага яллагдагчаар татсан зүйл байхгүй.
11 дүгээр сард би энэ хэрэг дээр ажиллаж байгаа прокурортой албаны уулзалт хийсэн. Тэгэхэд энэ хэрэгт ямар ч хүнийг сэжигтэн, яллагдагчаар татаагүй гэж тэд хэлсэн.
Энэ хэргийг би биш, хууль хяналтын байгууллага шалгаад тогтоогоод мэдээлж байх үүрэгтэй. Гэтэл хэдийн шалгагдаад дуусчихсан байтал өнөөдрийг хүртэл энэ талаар огт мэдээллэхгүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллагаар намайг дайрч, хардаад байгаа учраас би аргагүй эрхэнд хэвлэлийн хурал хийж байна. Энэ хэргийн араас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хөөцөлдөөч гэмээр байна.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархины цус харвалт гэж гарсан. Дараа нь дахин ар гэрийнхэнийх нь хүсэлтээр задлан шинжилгээ хийхэд өмнөхтэйгээ адилхан хариу гарсан. Энэ хариу нь арваннэгдүгээр сарын 8-нд гарсан юм билээ.
АТГ, прокурорын байгууллагын удирдлагууд намайг буруутгах гээд байгаа юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ өргөн бариатах. Намайг түдгэлзүүлэх эсэхийг Их хурал шийднэ. Би хэрэг хийгээгүй байж өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй" гэсэн тайлбар өглөө.