Нийслэлийн түргэн тусламжийн төвд өдөрт ойролцоогоор дөрвөн мянга гаруй дуудлага ирдэг. Эдгээр дуудлагын хэд орчим хувийг хуурамч дуудлага эзэлдэг вэ? Хуурамч дуудлага өгснөөр түргэн тусламж шаардлагатай байгаа иргэд хохирч байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал Ц.Ариунболдоос тодрууллаа.
-Өдөрт ойролцоогоор хэчнээн дуудлага хүлээн авдаг вэ?
-Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн зургаан дүүрэгт оршин суугаа иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт манай төвд ойролцоогоор дөрвөн мянга гаруй дуудлага ирдэг. Үүнээс 2000 дуудлагад нь тусламж үзүүлж амждаг. Энэ нь 24 цагийн дотор маш ачаалалтай ажиллаж байна гэсэн үг.
-Ер нь түргэн тусламжийн ажилчид хэдээс хэдэн цагийн хооронд их ачаалалтай ажилладаг вэ?
-Нийт дуудлагын 50 орчим хувь нь оройны 06 цагаас шөнийн 00 цагийн хооронд ирдэг. Энэ зургаан цагийн хооронд яг эд ачаалалтай байдаг. Харин өглөөдөө ачаалал харьцангуй бага байдаг. Яагаад гэхээр өглөөдөө иргэд өрхийн болон дүүргийн эмнэлэгт ханддаг болохоор ачаалал бага.
-Ихэвчлэн ямар дуудлага их ирдэг вэ?
-Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал энэ жил цаг агаар болон агаарын бохирдлоос шалтгаалсан томуу, томуу төст өвчин харьцангуй бага байна. Мөн өнгөрсөн жилийн мөн үед нийт түргэн тусламж авсан хүүхдүүдийн 80 орчим хувь, насанд хүрэгчдийн 10 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байсан. Одоогоор хүүхдийн дуудлага 1200 гаруй байгаагийн 250 буюу 50 орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой дуудлага байгаа юм. Ихэвчлэн 0-3 насны хүүхдүүдийн дуудлага ирдэг. Харин насанд хүргэгчдийн дуудлагын хоёр гаруй хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлдэг. Тэгэхээр насанд хүргэгчид болон гурваас дээш насны хүүхдүүдийн дуудлага бага байгаа юм. Мөн өмнө жилийг бодвол энэ жил томуу, томуу төст өвчний вакцинийг эрт хийсэн. Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн дуудлага бага байгаа юм.
-Нэг хэсэг угаарын хийтэй холбоотой дуудлага их ирсэн байх. Харин одоо угаартсан гэх дуудлага хэр их ирж байна вэ?
-Угаарын хийтэй холбоотой дуудлага нэг хэсэг нийслэлийн иргэд нүүрсээ хэрэглэж дасаагүйтэй холбоотой угаарын дуудлага их ирдэг байсан. Харин одоо өдөрт 5-8 хүний дуудлага ирж байна. Өнгөрсөн жил яг л ийм байсан. Харин сүүлийн өдрүүдэд осол гэмтэлтэй холбоотой дуудлага их ирсэн. Ахуйн осол буюу цас их орсонтой холбоотойгоор унаж бэртэх, машинд мөргүүлэх, машин хоорондоо мөргөлдөх гэх мэт дуудлага 40 орчим хувийг эзэлж байна. Мөн шинэ жилийн баяртай холбоотойгоор архи хэтрүүлэн хэрэглэсэн дуудлага өнгөрсөн шөнийн байдлаар 10 орчим хувь байна. Зүрх судасны дуудлага 20 хувийг эзэлж байгаа юм.
-Хуурамч дуудлага хэр их ирдэг вэ?
-Хуурамч дуудлагаас гадна шаардлагагүй дуудлага их өгдөг. Жишээ нь толгой өвдсөн, хоорондоо муудалцсан гэх мэт дуудлага. Яваад очихоор зүгээр байдаг. Энэ хуурамч дуудлага өгснөөс болоод түргэн тусламж шаардлагатай байгаа хүмүүстээ үйлчилж чаддаггүй. Яагаад гэхээр нэг дуудлага дээр очиход 30 минутаас нэг цагийн хугацаа зарцуулдаг.
Мөн хуурамч дуудлага буюу хаягаар нь явж очиход хаяг нь зөрсөн, үүдээ тайлахгүй тохиолдол их бий. Ийм хуурамч дуудлагыг сэтгэцийн өвчтэй хүмүүс болон бага насны хүүхдүүд их өгдөг. Зарим хүн өдөрт 15-20 орчим хуурамч дуудлага өгч бид бүгдэд хүндрэл учруулдаг. Иргэн дуудлага өгсөн бол бид очих үүрэгтэй. Хуурамч дуудлага өгсөн хүмүүст үйлчлэхгүй байх хууль эрх зүйн санкц шаардлагатай байна. 1200 орчим дуудлагын 26 орчим хувийг хуурамч дуудлага эзэлж байна.
-Эдгээр хуурамч дуудлага өгдөг хүмүүст хариуцлага тооцдог юм болов уу?
-Олон дахин, хэдэн сараар байнга хуурамч дуудлага өгдөг хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж зөрчлийн тухай хуулиар тодорхой арга хэмжээ авдаг. Гэхдээ энэ нь торгуулийн болон дугаарыг нь блоклох арга хэмжээ л авдаг. Эрүүл мэндийн тухай хуульд Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн түргэн тусламж үйлчилгээ авах эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхээр хуурамч дуудлага өгсөн хүнд үйлчлэхгүй гэсэн хууль байхгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд саад болсон гэж зөрчлийн тухай хуулийн дагуу л торгодог. Үргэлж хуурамч дуудлага өгсөн хүмүүсийн дугаарыг хаах эрх байхгүй. Яагаад гэхээр энэ нь хувь хүний нууцад хамаардаг. Үүн дээр ганц л гарц байгаа юм. Энэ нь иргэд өөрсдөө ухамсартай байж хуурамч дуудлага өгөхгүй байх. Мөн эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал, хяналт тавин хуурамч дуудлага өгөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.