УИХ-ын чуулганы өчигдрийн ээлжит хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэв. Хуралдаанд 18 гишүүн оролцож буйг О.Баасанхүү гишүүн анхааруулаад, ирц бүрдсэний дараа эхлэхийг санал болгосон ч УИХ-ын дарга “Ирц нэмэгдэнэ” гэж хэлээд хуралдаанаа үргэлжлүүллээ. Ингээд Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Б.АМАРБАЯСГАЛАНГ ШҮҮГЧЭЭР ТОМИЛОХЫГ ДЭМЖИВ
Дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч Б.Амарбаясгаланг УИХ-ын гиш үүдэд танилцуулав. Тэрбээр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд нийслэлийн Баянгол дүүргийн II дунд сургууль, 1991-1995 онд МУИС-д хуульч мэргэжлээр бакалавр, 1999 онд БХИС-д хууль зүйн ухааны магистр, 2013 онд МУИСийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан аж. Түүнчлэн МУИС-ийн Хууль зүйн сургуульд 1995-1998 онд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2019 онд тус сургуульд багш, ахлах багш, Сургалтын албаны даргаар ажиллажээ. Б.Амарбаясгалан нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.5 оноо авсан байна. Мэргэшил, ур чадвар, нэр хүндээрээ Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлагыг хангасан хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн болон Монголын хуульчдын холбооныхон дүгнэжээ.
Танилцуулгын дараа гишүүд шүүх засаглал авлигад автсаныг шүүмжлэв. О.Баасанхүү гишүүн “Шударга ажиллаарай. Томилсон хүндээ биш, төрд үнэнч ажиллана шүү. Шүүхийн шийдвэрийг ил тод болгомоор байна. Далд байгаа учраас хэн дуртай нь улстөржүүлээд байна. Б.Амарбаясгалан шүүгч болбол улстөрчдийн нөлөөнд автахгүй байх. Таны дарга бол Үндсэн хууль, УИХ-аас баталсан хуулиуд шүү. Өөр хэн ч таны дарга, найз биш шүү” гэв. Ингээд Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулснаа Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэхээр тогтлоо.
“МЭРГЭШСЭН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛНЭ”
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж худал мэдээлэл түгээх байдал хэрээс хэтэрсэн. Хүлээлгэх хариуцлагыг чангатгах ямар заалт байна вэ. Мөн нэвтрүүлэг, киноны дундуур удаан хугацаагаар сурталчилгаа явуулж иргэдийг “хүчирхийлдэг”. Үүнийг хэрхэн шийдэх вэ” гэсэн бол Б.Ундармаа “Иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний өв соёлыг дэмжих заалт бий юү” гэдгийг, Ж.Ганбаатар гишүүн “Энэ хуулийг баталснаар улстөрчдийг мэдээгээр их гаргадаг үзэгдэл буурна биз дээ”, Б.БатЭрдэнэ “Улстөрчдийн хөрөнгийн хэмжээг нийтэд мэдээлэх зохицуулалт нэмсэн үү” гэж асуусан. Үүнд ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “Редакцын хараат бус байдлыг дэмжихээр зохицуулсан. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталснаар мэргэшсэн сэтгүүл зүйг сайжруулах, эзэмшлийг ил тод мэдээлэх боломж бүрдэнэ. Редакц хариуцлагатай, ёс зүйн хэм хэмжээгээ мөрдөхийг зохицуулсан заалт бий. Олон нийт болон хүүхдэд зохисгүй агуулгатай мэдээ, нэвтрүүлэг түгээхийг хориглосон.
Үүнд тавих хэм хэмжээний дүрмийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос боловсруулж, хэрэгжилтийг нь хангуулах заалт нэмсэн. Үйлчилгээ эрхлэгчид үзэгчдээс авдаг хураамжийнхаа 15-аас доошгүй хувийг үндэсний түүх, уламжлал, хүүхэд, танин мэдэхүй зэрэг таван чиглэлээр контент бэлтгэхэд зарцуулахаар тохирсон. Нөгөө талаас өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн бүтээл нь чанартай байх шаардлага тавигдана. Үзэгчдэд ямар нэгэн төлб өрийн дарамт учруулахгүй” гэж хариулсан бол Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул “Мэдээ бэлтгэх нь хамгийн бага өртгөөр бүтдэг контент учраас телевизүүд голдуу Төрийн ордноос л мэдээ бэлтгэдэг. Тиймээс хүүхдийг соён гэгээр үүлэх агуулгатай контентын хувь хэмжээг энэ хуулийг дагаж мөрдөх журмын дагуу нэмсэн. Мөн чанартай мэдээлэл дамжуулдаг, чансаа сайтайд нь нөхөн олговор илүү өгнө. Өөрөөр хэлбэл, зөвхөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид бус, шаардлага хангасан бүх үйлчилгээ эрхлэгчдэд нөхөн олговор өгөх заалт бий” гэдгийг онцоллоо.
Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, хуулийн төслийн 4.1.20-д “...бүтээл гэж зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг хэлнэ”, 7.4.6-д “...гадаадын хөрөнгө оруулагч бүхий хуулийн этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн 22.3 дахь хэсгийг “Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтыг төр хариуцах бөгөөд МҮОНРТ болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг энэ хуулийн 29.1.5-д заасныг баримтлан үнэ төлбөргүй дамжуулна” гэдгийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Үдээс хойших хуралдаанаар Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг батлав. Ирэх жил Төвбанкныхан эдийн засгийн болон банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого баримтлах нь. Түүнчлэн хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2020 онд жилийн найм, дунд хугацаанд зургаа хувь орчимд тогтворжуулахыг зорино. Цаашид эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, инфляцыг буулгах нь ирэх жил баримтлах мөнгөний бодлогын зорилт болох аж.
Дараа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцэх, эсэх асуудлаар саналт хураалт явуулсан. Энэ үеэр Х.Болорчулуун “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийнхөнд улсын байцаагчийн эрх олгоно гэжээ. Хариуцлагагүй ажилласныг нь зохицуулах заалт алга. Яаж зохицуулах вэ” гэхэд төслийг санаачлагч Ж.Бат-Эрдэнэ “Үүнийг орхисон нь үнэн. Энэ чиглэлд ажлын хэсгийнхэн анхаарч байгаа. Та саналаа өгөөрэй” гэв. Ингээд тус хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.