Одоогоос дөрвөн жил 11 сарын өмнө иргэн Ч.Ганболдын дүү амиа алдсан хэрэг гарсан. Энэхүү хэргийг иргэн Ч.Ганболд санаатай аллага байсан гэж үзсэн. Гэвч прокуророос хэргийг амиа хорлолт байсан үзэж, дөрвөн жилийн турш шалгаж байгаа юм. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан иргэн Ч.Ганболд өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын гадаа суулт хийлээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Та ямар учраас энэхүү суултаа зарлах болоо вэ?
-Прокурор миний дүүгийн алагдсан онц ноцтой гэмт хэргийг тав нээж, тав хааж байна. Миний дүүг оффисын өрөөндөө сууж байхад нь онц хэрцгийгээр хөнөөсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд талийгаач дүүгийн минь толгойг гурван удаагийн давтамжтайгаар зүсэж, биед нь хоёр удаа хутгалсан байсан. Мөн цогцсыг нь зөөж том ажилчдын өрөөнд оруулж тавьсан гэх мэт надад олон баримт нотолгоо бий. Энэ талаар прокурорын хавтаст хэрэгт тодорхой бичсэн байгаа. Прокурор энэ хэргийг дөрвөн жилийн турш одоог хүртэл шалгаж байна гэсэн хариуг өгсөөр байна. Гэвч аль хэдий нь шалгалт дууссан байх ёстой. Шалгаж байна гэсэн нэрээр хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахаар санаархаж байна.
-Прокурорын газраас гадны нөлөөгүй гэсэн хариу өгсөн юм уу? Яг юу гэсэн хариу гарсан юм бэ?
-Прокурорын газраас амиа хорлосон гэж хэд хэдэн удаа талийгаач дүүгийн хэргийг хаасан юм.
-Таны хэлж байгаагаар энэ гэмт хэргийг амиа хорлолт болгосон гэсэн шүү дээ? Тэгвэл та дүүгээ амиа хорлох хүн байсан гэж бодож байна уу?
-Прокурор энэ гэмт хэргийг нууж байгаа болохоор амиа хорлолт гэж үзээд байгаа юм. Прокурор гэх газар иргэдэд шударга үнэн үйлчилдэг юм бол талийгаач дүүгийн минь хавтаст хэргийг шалгаад шүүх хурлыг эхлүүлэх ёстой. Хавтаст хэрэг дээр нь бүх зүйлийг бичсэн байгаа. Энэ бүгдийг прокурорын газар хаагаад байна. Хаах эрх нь зөвхөн прокурорт байгаа болохоор ингээд хавтаст хэргийг нээхгүй удаж байгаа юм.
-Гэмт хэрэг болоод удаж байна гэж байна шүү дээ. Та өмнө нь энэ асуудлаар ямар нэгэн мэдээлэл хийж байсан уу?
-Хоёр дахь удаагийн суултаа хийж байна. Би шүүх хурал дээр энэ бүгдгийг илчилж чадна. Гэтэл яагаад энэ асуудлаар шүүх хуралдахгүй байна вэ гэдэг нь цаагуураа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн хардлага төрүүлж байна. Энэ хэрэгт намайг хэлмэгдүүлж шалгах боллоо. Өөрөөр хэлбэл, намайг дүүгийнхээ амь насанд халдсан байж болзошгүй гэж үзэж байна. Би маш их золиослогдож амьдрал минь орвонгоороо эргэж хүнд хэцүү байдалтай байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгч, шүүх хурлыг эхлүүлэхийг шаардаж байна. Надад хэргийн талаар хангалттай нотлох баримт байна.