Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг The Hu хамтлаг хүртсэн. Тус хамтлагийн үүсгэн байгуулагч, МУГЖ Б.Дашдондог шагнал хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Тэрбээр “Маш хүндэтгэлтэй арга хэмжээ боллоо. Манай залууст маш их итгэл найдвар өгч, ташуур боллоо. Энэ хүндэтгэл намайг үнэндээ шоконд орууллаа, маш их баяртай байна. Биднийг энэ зэрэгт хүрэхэд тусалсан найз нөхөд, хамтран зүтгэгч нартаа баяр хүргэе. Энэ та бүхний ч бас шагнал юм шүү.
Хамтлагийн залуучууд маань АНУ-д аялан тоглолт хийж байгаа. Шагнал авахын өмнө утсаар ярихад тоглолт нь эхлээд тайз руу гарах гэж байна гэж байсан. Залуучууд маань маш их баяртай байгаа.
Гадаадын орнуудад монголчуудыг их өөрөөр хардаг болсон байна. Монгол Улсын түүх соёл, өв соёлыг мэддэггүй хүмүүс маш их байдаг. Энэ нь Монгол Улс өөрөө мэдээлэл их бага түгээж байгаатай холбоотой гэж харж байна. The Hu хамтлаг Монголынхоо талаар мэдээллийг түгээн дэлгэрүүлэхэд маш их үүрэг хүлээж байна.
Ерөөс рок урсгалд яагаад Монгол рок байж болохгүй гэж гэсэн бодол л хамтлагийг үүсгэн байгуулах эхлэл нь болсон. Монголын хамтлаг Биллбоардын жагсаалтад орж, дэлхийд түгсэн түүх байхгүй. Английн, дэлхийн рокыг тодорхойлдог эксперт “Дэлхийн рок хөгжмийн урсгалд хөгжлийнхөө нэг түвшинд ирээд унтрах тийш хандаж байхад, дэлхийн рокыг дахин амьсгалуулж, аварч чадсан хамтлаг бол The Hu хэмээн онцлон хэлсэн”. Тэгэхээр The Hu хамтлаг дэлхийн рок хөгжмийн урсгалд цоо шинэ өнгө төрхийг авчирсан гэж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна” гэлээ.