Эмчийн тухай, энэ мэргэжлийн сайхан болоод чухлын талаар үе үеийн ухаантнууд онч мэргэнээр хэлсэн байдаг. Цагаан нөмрөгтэй баатрууд гэсэн нь ч бий. Сүүлийн үед Монголынхоо эмч нараар өөрийн эрхгүй бахархах болов. Хэдэн жилийн өмнө мэс засалчид бөөр шилжүүлэн суулгах боллоо гэхэд нь худлаа юм шиг, бүтэхгүй мэт, монгол хүн чадахгүй гэж санагдаж байсныг нуух юун. Гэтэл өнөөдөр элэг ч шилжүүлэн суулгадаг болсон. Дэлхийн хамгийн мундаг эмч нарын л чаддаг ажил гэж бодож байсныг олон жилийн өмнөөс хийсэн мэт хээвнэг гүйцэтгэчихэж байна. Цус, яс болон бүх төрлийн булчирхайн хорт хавдрыг Монголдоо эмчилж буй. Сүүлийн жилүүдэд мөн л дэлхийн хамгийн шилдэг эмнэлэгт, хамгийн өндөр мэргэжлийн мэс засалчид л хийж чаддаг гэж ойлгож байсан үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмч нарын баг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх болжээ. Үүдэл эс гэж юу юм бол гэж бодож байлаа. Биеийн цус, яс, арьс, бүх эрхтэн бий болдог тэр эсийг ийнхүү нэрлэдэг юм санж. Ерөөсөө л анхдагч эс юм уу даа. Өдөр бүр өрнөх олон янзын үйл явдлын мэдээлэл дундаас эрүүл мэндийн салбар дахь ололт, эмч, сувилагчдын амжилтын тухай дуулахад сэтгэлд өег, бухимдаж байвал тайвширч, сэтгэл гундуу бол сэргэдэг юм. Энэ мэдрэмж, бодол гэнэт сэдрэх шалтгаан байв. Барьцаж байгаа юм биш л дээ. Чингис хааны одонг “Хү” хамтлагт олгох болсон тухай шийдвэр гарсны дараа зарим хүн “Ихэвчлэн соёл, урлагийнханд өгөх юм. Бусад салбарт амжилтууд байдаг. Ялангуяа элэг шилжүүлэн суулгах багийн эмч, сувилагчдад олгож болно шүү дээ. Олж хардаггүй юм болов уу” гэж хэлсэнтэй санал нэг байна. Монгол эмч нар судалж, мэргэшээд баг болж өөрсдөө ажилласан. Харин манай гэж бахархах “Хү” бол гадаадын компанийн бүтээгдэхүүн, тэр бүү хэл эрх зүйн хүрээнд яривал Америкийн компанийн өмч юм. Мэдээж тэдний тоглохыг үзсэн, сонссон гадаадынхан монголчуудыг, Монголыг сонирхоно, ирж үзэхийг хүснэ. Үндэстний бахархал, соёлын өв, аялал жуулчлалын өнцгөөс харвал эерэг. Харин байгуулж буй гавьяаг нь дэнсэлбэл эмч нарын амжилт жин дарж мэднэ хэмээн эргэцүүлсэн юм.