Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан 800 орчим хятад иргэнтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийсэн. Тэрбээр хятад иргэдийг Шадар сайд Ө.Энхтүвшин оруулж ирсэн хэмээн шууд хэлсэн байдаг.
Тэгвэл энэ асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр албан ёсны тайлбар өглөө. Тэрбээр "Сүүлийн үед нийгэм намайг хятадуудтай холбож хардах боллоо. "Чөлөөт бүсэд казино байгуулах гэж байна, хятад иргэдийг оруулж ирлээ гэх мэтээр" ярьж байна. Энэ нь Засгийн газрын нэр хүндэд шууд халдаж байгаа хэрэг.
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Замын-Үүдийн чөлөөт бүсэд казино байгуулах боломжгүй гэсэн заалт орсон байдаг. Өөрөөр хэлбэл, Хятадын тал үүнийг зөвшөөрдөггүй.
Ж.Батзандангийн ярьдаг шиг би Хуан гэх хятад хүнтэй уулзаж, казино байгуулах талаар ярилцаагүй. Би зөвхөн Хятадын компанийн гурван хүнтэй уулзаж, IT чиглэлээр хамтран ажиллах санал солилцсон. Тэд интернет худалдаа, интернет аялал жуулчлалын чиглэлээр манай Засгийн газартай хамтран ажиллах санал тавьсан. Тухайн үед Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн албаныхан надтай хамт байлцсан.
Хятад иргэдийн асуудлыг тагнуул, цагдаагийн байгууллага нь шалгаад хариугаа гаргах байх. Тэр хүртэл ямарваа нэгэн дүгнэлт өгч болохгүй. Энэ талаар хамаагүй яривал Хятад, Монгол улсын хоорондын харилцаа муудах эрсдэлтэй" гэлээ.