Улсын ерөнхий прокуорын орлогч С.Алиманцэцэг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы эзгүйд буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-нд УЕПГ-т бүтцийн өөрчлөлт хийж, зарим томилгоо хийжээ. Тэрбээр Булган аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Лхагвасүрэнг Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокуророор томилсон байна. Ингээд оронд нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хамт ажиллаж байсан ахлах прокурор Нэргүйн Мөнхнаранг томилжээ.
Н.Мөнхнаран 2015 оны 07 дугаар сарын 5-нд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокуророор томилогдож байжээ. Тэрбээр АТГ-т 2018 оны хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ жилд өөрөө 33 270 350, гэр бүл нь 13 677 100 төгрөгийн орлоготой гэжээ. Мөн нийтийн орон сууцтай. Тэр нь 250 саяын үнэтэй. Суудлын Toyota Highlander автомашинтай. Үнэ нь 40 сая гэж мэдүүлсэн байна. Түүнчлэн 1.0 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших 500 мкв газартай. Хадгаламждаа 797 620 төгрөгтэй. Авлага нь 15 сая, зээл нь 76 010 000 төгрөг гэсэн байна. Н.Мөнхнаран “Нарантэс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна. Н.Мөнхнаранг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокуророор томилогдсоноос ердөө арваадхан хоногийн дараа хэвлэлд нэлээд ноцтой факт нийтлэгдэж байжээ. “Дүүргийн прокурор гэмт хэргийн холбогдогч нартай “хуйвалдсан уу" гэдэг гарчигтай уг нийтлэлд “Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга гэгч Д.Энхтайван гэх эрхэм 2013 оны 4 сараас эхлэн “Оюуны ундраа” групп болон түүнийг үүсгэн байгуулагч С.Отгонбаяр, С.Амарсайхан нарыг гүтгэж, удаа дараагийн гүтгэлгийн шинжтэй мэдээллийг зарим нэг сайтууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараалан цацсан байдаг. Ингэхдээ тэрээр төрийн байгууллага болон тодорхой албан тушаалтан, төрийн тусгай албадын нууцын зэрэглэлтэй илтгэх хуудас зэргийг хуурамчаар үйлдсэн нь гэмт хэргийн шинжтэй болох нь “нотлогдож”, Д.Энхтайван, сэтгүүлч гэх Б.Отгонбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг өмнө нь шалгаж байсан дүүргийн прокурор хэрэгсэхгүй болгосныг дээд шатны прокурор нь дахин сэргээж, эрүү үүсгэн шалгах болсноор Д.Энхтайван нарын хэрэг Дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын Хяналтын прокурор Н.Мөнхнаран гэгчид дахин хувиарлагдсан ч тэрээр тодорхой баримт нотолгоотой дээрх хэргийг мөн л хяналтын шатанд хэрэгсэхгүй болгожээ. Түүгээр ч зогсохгүй Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхнаран албан тушаалаа урвуулан ашиглаж дээрх хэрэгт огт хамааралгүй гадаадын иргэн М.И.Армин гэгчид 2015 оны 6 сарын 22-ны өдөр өөрийн албаны и-мэйл хаягнаасаа мэйл явуулж, түүндээ М.И.Арминыг Монгол улсад ирж, Транс банктай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх, түүнийг Монгол улсад ирэхэд нь хууль хяналтын аль ч байгууллага М.И.Армины ашиг сонирхолыг хөндөхгүй, хязгаарлахгүй гэж Монгол төрийн өмнөөс баталгаа гаргасан нь огт санамсаргүй хэрэг биш гэж хэлэхэд хүргэж байна.
Транс банкны ТУЗ-ийн дарга гэх Д.Энхтайван энэ асуудлаар “Оюуны ундраа” групптэй Иргэний хэрэг үүсгэн асуудал нь шүүхийн шатанд явж байхад хөндлөнгөөс дүүргийн прокурор оролцон, асуудлыг Д.Энхтайваны талд шийдвэрлүүлэхээр улайран М.И.Армин руу англи хэл дээр и-мэйл бичсэн нь Хяналтын прокурор Н.Мөнхнаранг Д.Энхтайван гэгчийн талд илт хувийн сонирхолоор “үйлчилж” байна гэж хэлэх бүрэн үндэслэл болж байна” гэжээ. Мөн Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Донойг чөлөөлж оронд нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор Нямаагийн Ганбатыг томилсон байна.
Н.Ганбат нь 2015 оны долдугаар сарын 3-нд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокуророор томилогдсон байна. Прокурор Н.Ганбат АТГ-т 2018 оны хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ “Өөрөө жилд 31 136 080, гэр бүл нь 76 663 580 төгрөг олсон. Нийтийн орон сууц 2, гэр 1, зогсоол 2 байгаа. Эдгээрийн үнэ нь 590 сая төгрөг болно. 15 сая төгрөгийн үнэтэй Toyota Prius машинтай. Малын хувьд Адуу-44, Үхэр-22, Хурдан удмын адуу-6, Хурдан удмын адуу-7 бий. Нийлээд 131 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Мөн эзэмших 700 мкв-2, өмчлөх 500 мкв-2, өмчлөх 512 мкв-1 газартай. Үнэ нь 60 сая төгрөг. Үнэт эдлэл 260 596 800 төгрөг, хадгаламж 7 372 740, авлага 60 сая, зээл 226 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Үүнээс гадна эрх-2, тусгай зөвшөөрөл-2-ыг эзэмшдэг” гэжээ. Н.Ганбатын тухайд хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр 2002 онд шүүхээр шийтгүүлж байсан гэх мэдээлэл байна.
Б.МАГНАЙ