Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай холбоотой нэг бус эрүүгийн хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа ч хараахан эцэслэн шийдвэрлээгүй байна. Тухайлбал, ИТХ-ын дарга Б.Өсөхбаярын хамт хуурамч тушаал гаргасан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байсан ч тухайн хэргийг нь хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй өдий хүрсэн. Зарим эх сурвалжийн өгүүлснээр уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байгаа аж. Өдгөө Архангай аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг Азийн хөгжлийн банкны “ТА9100-MON Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжууд” төслийн хүрээнд Эрдэнэбулган сумын V багийн өндөр настан, хөгжлийн бэрх шээлтэй болон нэн ядуу айл өрхөд эко жорлон суурилуулснаас үүдэн хөрөнгө завшсан асуудлыг ч тус аймгийн удирдлагатай холбон АТГ-т шалгаж байгаа. Түүнээс гадна өөр нэг бус үйлдлийг нэмж нэгтгэн мөрдөн байцаалт явуулж буй юм. Ийнхүү албан тушаалаа урвуулсан нэг бус хэргийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөж байгаа бол Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч нар Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож гэмтэл учруулсан хэргийг нь шалгаж байна.
Тус дүүргийн Цагдаагийн газрынхан уг хэргийг шалгаад дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1-т заасан бусдын биед санаатай хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татахаар болоод байсан. Гэвч хэрэг бүртгэлтийн шатанд Ц.Мөнхнасан, Т.Батсүх нар харилцан зодолдсон болж “хувирч” болзошгүй байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ. Уг нь өнгөрсөн наймдугаар сард хохирогч буюу Т.Батсүх хэвлэлийнхэнд “Гэрт ирэх дээ согтуу байсан. “Чи ажлаа зүгээр өгчихөөч” гээд зодож эхэлсэн. Цагдаа дуудах үед Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан гарч зугтахдаа хоёр гар утас, ажлын үнэмлэх, гадуур хувцсаа үлдээсэн” хэмээн ярьж байсан. Харин Ц.Мөнхнасан “Би бусдыг зодоогүй, харин ч өөрөө зодуулсан. Нэг ангийн хүүхдүүд учраас юм саналгүй очсон” хэмээн ярьсан нь бий. Ц.Мөнхнасанд зодуулсан гэх Т.Батсүхийн хувьд албаны автомашиныг хүүхэддээ унуулж, зугаацуулсан гэх бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдсантай холбоотойгоор сахилгын арга хэмжээ авсан бөгөөд түүнээс өмнө эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт АТГ-т шалгуулж байсан, өдгөө хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй. Түүнийг албаны машинаар хүүхдээ зугаацуулсан үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулж албанаас нь чөлөөлсөн ч ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын албан тушаалдаа дахин томилогдоод байгаа юм.