“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр төв талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн товлосон боловч Хотын дарга зөвшөөрөөгүй.
Тодруулбал, Монголын Үндэсний фронтын хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнайд өчигдөр “Арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй” хэмээн мэдэгдсэн. Гэвч тус хөдөлгөөнийхөн жагсаал цуглааны хугацааг сунгах боломжгүй хэмээн мэдэгдэж өнөөдөр төв талбайн зүүн талд жагсаж байна.
Монголын Үндэсний Фронт хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай "Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдсан, ард түмний эрх ноцтой зөрчигдөж, улс төр, эдийн засгийн мухардалд орлоо. Иймд манай фронт тэмцлийн шугам дээр гарч байгаа нь энэ. Улс орноо ийм байдалд оруулсан УИХ-ыг тарааж, Ардын түр хурлыг байгуулахын төлөө нэгдэж цаашид тэмцэнэ" гэв.
Тэрбээр цааш ярихдааа "Бид жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ Хотын дарга С.Амарсайханд энэ сарын 1-ний өдөр хүргүүлсэн. "Жагсаал цуглаан зохион байгуулах" тухай хуулиар гурван хоногийн дотор Хотын дарга хариу өгөх ёстой байдаг. Гэтэл өчигдөр орой 17:00 цагийн үед бидэнд жагсаал цуглааныг хориглосон талаарх хариуг өгсөн. Жагсаалын хойшлуулах боломжгүй" гэлээ.
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр “Жагсаал хийх зар нэгэнт олонд тархсан учраас хүмүүс өнөөдөр цугласан байна. Тэгэхээр жагсаалыг хойшлуулах боломжгүй болсон. Маргааш энэ жагсаал үргэлжлэх юм. Бидний зорилго УИХ-ыг тараах. Учир нь монголын гадаад өр 50 их наяд төгрөг болчихлоо. Тэр их өрийг 30 жил төрийг удирдсан олигарх болсон гишүүдээс иргэдийн өмч хөрөнгийг хураан авч Монгол Улсын өрийг барагдуулах, УИХ-ыг тарааж дээд, доод танхимтай ардын их хурлыг байгуулах гэсэн зорилгоор бид цуглаад байна.Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж төрийн эрх мэдлийг ард түмэнд буцааж өгөөч л гэж хүсч байна.Ард түмэн ирж дуу хоолойгоо хүргэж нэгдэж л байвал цаг хугацаа хамаарахгүй жагсана” гэв.