МҮЭ-ийн холбооноос УИХ-аар Монгол Улсын 2020 оны Улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон дараах асуудлуудыг улсын төсөвт тусгуулах, шаардлагатай зарим арга хэмжээг авч ажиллах саналыг УИХ, УИХ-ын Төсвийн байнгын хороо, Засгийн газар, Сангийн яам, ХНХЯ-нд хандан хүргүүлж байна. Үүнд:
1. Төр, төсвийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг төсвийн зардлын ангилалд оруулж, Улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэх.
2. НХХ-ын сайдын 2004 оны 77 дугаар тушаал "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д 1779 ажлын байруудад хийлгэсэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн үнэлгээ, дүгнэлтүүдийг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтайгаар оруулах, дүгнэлтүүдийг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтайгаар оруулах, шаардлагатай хөрөнгийг Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх.
3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх.
4. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдүүлэх эх үүсвэрийг Улсын төсөвт баталгаажуулж, хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарах
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Баяраа: Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхтэй. Гэтэл бодит байдал дээр бидний хөдөлмөрийн орчин, цалин үнэхээр хүнд байна.
Иргэдэд зарцуулагдах ёстой мөнгө хаашаа урсаж алга болж байгааг бүгд мэднэ. Эрх баригчид янз бүрийн сан, тендер нэрээр мөнгө угааж байна. Бидний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлдөг шимтгэл Капитал банктай хамт дарагдаад алга боллоо.
Ирэх оны Улсын төсөвт хөдөлмөрчин иргэдийн эрх ашигт нийцсэн зүйл заалт огт алга. Хөдөлмөрчдийн нийгмийн баталгааг багахан ч болтугай хангаагүй байж хөдөлмөрийн насыг уртасгаж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байна. Гэтэл сар бүр иргэдээс албан шаардлагаар авдаг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүд нь онгорхой сав руу урссаар байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан зүйлүүдэд хөдөлмөрчдийн эрх ашигт нийцсэн нэг ч заалт алга. Гадуур ашиггүй урсгаад байгаа мөнгийг иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зарцуулбал бидний эгэл амьдралаас зуурдаар хорогдож байгаа хүмүүсийн тоо цөөрнө. Мөн ажлын байрны орчин нөхцөл ч дээшилнэ.
Иймд МҮЭХ-ноос УИХ-д хандаж сонгууль, элдэв сурталчилгаанд зарцуулж буй мөнгийг иргэдийн хөдөлмөр, нийгэм хамгаалалд зарцуулахыг шаардаж байна. Энэ асуудлаар бид цаашид дуу хоолойгоо таслахгүй.