Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэлээ.
Харин энэхүү шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "маш аюултай" шийдвэр хэмээн өөрийн твиттер хуудаснаа байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Ноцтой мэдээ, МАШ НОЦТОЙ МЭДЭЭ... Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та бүгдийн өнөөдөр гаргасан шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар авах боломжгүй болж төсвийн орлого жил бүр хамгийн багадаа 1.2 их наяд (1,287,000,000,000) төгрөгөөр буурахад хүрч байна.
Энэ шийдвэр гарснаар монголын газрын хөрсөн доорх баялаг болох Ашигт малтмал АРД ТҮМНИЙ ӨМЧ биш компаниудын өмч болж байна. Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Цэцийн шийдвэрээр Ашигт малтмал бол уурхайн эздийн ӨМЧ боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ" гэлээ.
Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон хуулийн заалтууд
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгов.
Тэгвэл дээрх хүчингүй болгосон хуулийн заалтуудыг Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл түүвэрлэн өөрийн твиттер хуудаснаа байршуулжээ.
Цэц хүчингүй болгосон гэх хуулийн заалтууд нь энэ байна. Энэ салбарт ажилладаг хүний хувьд хараад гайхад сууж байна
— BB (@batt1972) October 30, 2019
Цэц рояльтитай холбоотой гол залтуудыг хүчингүй болгосон байх юм
Хуульчид мэргэжлийн тайлбар өгөх байлгүй дээ? pic.twitter.com/nRsIBEmjTM