Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдсон Б.Хурц тэргүүтэй есөн шүүгдэгчдийн өмгөөлөгчид мэдээлэл хийлээ. Тэд С.Зоригийн хэргийг нууцаас гаргаж, Б.Хурцын шүүх хурлыг нээлттэй хийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүслээ.
Энэ талаар Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн: Бусдад эрүү шүүлт тулган ял үүрүүлсэн гэх хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт шаардлагатай гэж үзэн прокурорт буцаасан. Прокурорын зүгээс үүнтэй санал нийлэхгүй гэж үзсэн учир эсэргүүцэл бичсэн. Гэвч прокурорын эсэргүүцлийн дагуу уг хэргийг дахин хэлэлцээд “Байгаа материалынх нь хүрээнд шийд” гэсэн шийдвэрийг гаргасан.
Өмгөөлөгчдийн хувьд үүнтэй санал нийлэхгүй байгаа учир Улсын Дээд шатны шүүхэд гомдол гаргана. Мэдээж энэ хэрэг маш нууцын зэрэглэлтэй учраас бидэнд энэ талаар ярих эрх байхгүй.
Ерөнхийлөгч Х.Баттулгад С.Зоригийн хэргийг нууцаас гаргаж олон нийтэд ил болгох хүсэлтийг тавьж байна. Мөн эрүүдэн шүүсэн гэх 36 хавтастай хэргийг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй зохион байгуулах, хэргийн материалыг ил болгох ёстой.
Бид хэргийн нууцтай холбоотой мэдээллийг огт гадагш нь гаргаагүй. Гэтэл зарим улс төрчид зориудаар уг хавтаст хэргийн мэдээллийг дэлгэж байна. Хэрвээ хавтаст хэргийг бүхэлд нь ил болговол одоо бий болоод байгаа нөхцөл байдал эсрэгээрээ болно. Эрүү шүүлт тулгасан гэх 26 минутын бичлэгийг дэлгээд байгаа хэрнээ бусад зургаан өдрийн бичлэгийг дэлгэхгүй байгаа юм бэ?