АНУ, Япон, Франц брейк бүжгээр дэлхийд тэргүүлдэг. Сүүлийн үед Латин Америк, Бельги, Испани, Италийн бүжигчид олон улсын тэмцээнд хүч түрэн оролцох болжээ. Брейк бүжиг нь 2013 онд Дэлхийн бүжгийн спортын холбооны гишүүн болсноор “Парис-2024” олимпын наадмын албан ёсны хөтөлбөрт багтсан. Францыг зорихын тулд тамирчид эхлээд олимпын эрхээ авах ёстой. Олон улсын олимпын хороо нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчинд эрх олгож, оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хуваарилалтад багтахын тулд чансаагаараа эхний 32-т багтсан байх ёстой юм. Одоогоор Франц улс зохион байгуулагчийн хувиар хоёр эрх авчээ.
Тамирчид чансааны оноог энэ жилийн ДАШТ, Азийн АШТ, Азийн наадмын эрхийн цуврал тэмцээнээс авч буй. ДАШТ-д түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин эрх авсан бол тивийн АШТ, Азийн наадмын түрүү тамирчдад 10 эрх олгож, үлдсэнийг нь ирэх жилийн 3-6 дугаар сард болох олимпын эрхийн цуврал тэмцээний үеэр тамирчдад гардуулах нь. Парисын олимпын брейк бүжгийн тэмцээнд дэлхийн шилдэг 32 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөнө. Ирэх жилийн наймдугаар сарын 9-10-нд “Place de la concorde” талбайд өрнөх тэмцээнийг халз тулаан хэлбэрээр зохион байгуулах аж. Тэмцээнд ялагдсан нь хасагдаж, ялсан нь цааш үргэлжлүүлнэ.