“Ирээдүйн хотын иргэд” төслийг нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн баасан гарагт хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдыг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулна. Ингэхдээ хотын дэд бүтэц, урлаг соёл, төрийн үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж аялуулах аж. Сурагчдад энэ нь хотын соёлыг төлөвшүүлж, экологийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой гэнэ.
Төслийн эхний аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн наймдугаар ангийн 80 сурагч оролцжээ. Тэд нийслэлийн Бизнес, инновацын хөгжлийн газрын харьяа HUB төв, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Ус, дулаан дамжуулах 43 дугаар төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Эдгээр байгууллагатай танилцсанаар сурагчид бидний өдөр тутам хэрэглэдэг ус, дулаан хэрэглэгчид ямар замаар хэрхэн хүрдэг тухай мэдлэг, ойлголттой болжээ. Мөн HUB төвийнхнөөс инновацын төслийг хэрхэн бичих, хэрэгжүүлэх зэрэгтэй холбоотой мэдээлэл авчээ.